Нийслэлийн ариутгал халдваргүйтгэлд онцгой анхаарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2020-04-06 14:51:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын Ерөнхий менежер өнөөдөр шуурхай хуралдаан зохион байгуулж хэлтсийн дарга, ахлах мэргэжилтнүүдэд нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлж буй 12 тодорхой ажлын хүрээнд үүрэг чиглэл өгөв.


Тодруулбал, Нийслэлийн хүн амын махны хэрэгцээ, зохиомол үнийн хөөрөгдлийн эсрэг төлөвлөгөөг ажлын хэсэг дээр хэлэлцүүлэх болсон бол Дүнжингаравын зам дагуу хийх ногоон байгууламжийн ажлын бэлтгэл ажлыг хангах, 2020 онд авто замын орц гарц, сэтлэх зөвшөөрөл олгох ажлын хэсгийн хурлыг эхлүүлэх, БНХАУ-ын элчин сайдын яам, Энэтхэг улсын элчин сайдын яам, Эрхүүгийн гудамж орчмын явган хүний замыг ховхолж дутуу орхисон замыг засах ажлыг эхлүүлэхээр болов.


Мөн ариутгал халдваргүйтгэлийн ажлыг эрчимжүүлэх, ээлжийн хяналт тавьж буй албан хаагчдыг 8 цагаар ажиллуулах, БЗД-ийн 17 хороонд булгийн ус хальж байгаа гомдлын хүрээнд Да Хүрээ захын удирдлагуудыг хүлээн авч уулзан ус зайлуулах арга хэмжээг хамтран зохион байгуулах, Төв цэвэрлэх байгууламжийн доголдлыг яаралтай арилгах, шийдлийг танилцуулах, Шалган нэвтрүүлэх товчоодод байрлуулсан нийтийн бие засах газруудын ариутгал халдваргүйтгэлд тогтмол анхаарч ажиллах юм байна.


Үүнээс гадна нийслэлд зөвшөөрөлгүй самбар, мэдээллийн байгууламжуудыг нэмж суурилуулахгүй байхад анхаарал хандуулах, сургууль, цэцэрлэгийн халаалт, дулааныг хийн түлшээр шийдвэрлэхтэй холбоотой мэргэжлийн байгууллагуудыг цуглуулж уулзалт зохион байгуулах, хонхтой цэцэрлэгийн моднуудад хийсэн гэрэлтүүлгийн цахилгааныг бүрэн салгаж дуусгах, хотын гудамжны моднуудын доод хэсгийг хортон шавжаас сэргийлэх зорилгоор шохойдох ажлыг яаралтай бүрэн хийж дуусгах үүрэг чиглэлийг өгсөн байна.

Холбоотой мэдээ