Нийтийн эзэмшлийн зам, талбайд ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2020-04-06 09:48:26

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор улс, аймгийн Онцгой комиссын шийдвэрийн дагуу нийтийн эзэмшлийн зам, талбайн ариутгал, халдваргүйжүүлэлтийг энэ сарын 3-ны өдрөөс эхлэн хийж эхэлсэнАриутгал халдваргүйжүүлэлтийг 2020 оны 04 дүгээр сарыг дуустал хугацаанд 7 хоногт нэг удаа тогтмол зохион явуулах ажээ.  Орон нутгийн болон ТӨХК-дад ариутгал хийх зам, талбайг хуваарилсан байна.
Дархан сум доторх 64 км хатуу хучилттай авто замыг Онцгой байдлын газар, явган хүний замыг Дархан сум, “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК, “Дарханы Дулааны цахилгаан станц” ТӨХК, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК, “Дарханы Дулааны Сүлжээ” ТӨХК, “Дархан Ус суваг” ХК хийж байгаа аж. Харин жишиг хороолол, Миний Монгол цэцэрлэгт хүрээлэн, Дархан-50 цогцолбор, Дүүжин гүүр гэх мэт 72 байршилд байгаа тоглоомын талбайг НААҮГ тус бүр хариуцан ариутгал халдваргүйжүүлэлтийг хийж дуусгажээ.

Түүнчлэн аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж байгууллагууд өөрийн эзэмшлийн 50 метр газрыг ариутган цэвэрлэх ёстой. Уг ажлыг хийсэн талаарх мэдээлэл, баримтыг 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хийж мэргэжлийн байгууллагуудад өгөх үүрэгтэй аж. Хийгээгүй тохиолдолд МХГ, ОБГ-аас тухайн байгууллагуудад холбогдох хуулийн хариуцлагыг тооцох ажээ.



Холбоотой мэдээ