Токио-Улаанбаатарын тусгай нислэгээр 266 иргэн эх орондоо ирлээ

Монголын мэдээ | Нийгэм
ariunbold@montsame.mn
2020-04-03 15:52:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Токио-Улаанбаатарын тусгай нислэг өнөөдөр 16.00 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд газардаж, 266 иргэн эх орондоо ирлээ.


Япон Улс 37.5 хэмээс дээш халуураагүй иргэнээс шинжилгээ авах боломжгүй гэсэн тул Токиогоос хөөрөхийн өмнө бүх зорчигч эмнэлэгт хандаж биеийн халуунаа шалгуулсан бичиг авчээ. Бүх зорчигчийн биеийн халуун 37.5-аас доош байсан тул онгоцонд суулгасан гэдгийг ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг өнөөдөр болсон УОК-ын Шуурхай штабын хурлын үеэр танилцуулсан юм. Мөн нислэгээр нэн шаардлагатай эмнэлгийн оношлуур, тоног төхөөрөмж тээвэрлэн ирснийг МИАТ компаниас мэдээлсэн.


Иргэдийг ирсэн даруйд 21-28 хоног тусгаарлахаар ЗТХЯ, ХӨСҮТ, ОБЕГ, МХЕГ-ын алба хаагчид ажиллаж байна. Мөн зорчигчдын ачаа, тээшийг тодорхой хугацаанд ариутгасны дараа хүлээлгэн өгөх юм. Түүнчлэн тусгай нислэгийн бүрэлдэхүүнд багтсан мэргэжлийн хяналтын эрүүл ахуй, халдварын ахлах байцаагч нар, ХӨСҮТ-ийн эмч болон нисгэгч, инженер, техникийн ажилтан, үйлчлэгч нарыг мөн хугацаанд тусгаарлах юм.


Ташрамд дурдахад, өнгөрсөн сарын 15-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр БНСУ-аас 244 иргэнээ татан авсан. Мөн өнгөрсөн сарын 16-нд Берлин, Москвагаас 231, Токиогоос 256, 18-нд Истанбулаас 252 иргэнээ тусгай нислэгээр авч ирсэн юм. Харин өчигдөр буюу энэ сарын 2-нд Сөүл-Улаанбаатарын нислэгээр 261 хүн ирсэн. Ингэснээр өнөөдрийн нислэгээр ирсэн зорчигчидтой нийлээд 1510 иргэн эх орондоо ирлээ.

Холбоотой мэдээ