Нийтийн их цэвэрлэгээнд 70 гаруй байгууллага оролцлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул аймгийн Засаг даргын захирамжийн дагуу дөрөвдүгээр сарын 27-29-ний өдрүүдэд Дархан хотод бүх нийтийн их цэвэрлэгээ хийв.
Цэвэрлэгээнд төрийн болон төрийн бус байгууллага, их дээд, ерөнхий боловсролын сургуулиуд зэрэг нийт 70 гаруй байгууллага идэвхтэй оролцлоо. Энэ үеэр аймгийн НААҮГ-аас хог тээвэрлэх 20 автомашин, Эрчим хүчний таван байгууллага, “Дархан Төмөрлөгийн үйлдвэр” ХК зэрэг байгууллагуудаас 10 орчим автомашин гаргаснаар их цэвэрлэгээнд нийт 30 гаруй автомашин, техник хэрэгслийг ашигласан байна. Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг эрчим хүчний байгууллагууд хорооллын доторх бетонон хог хаягдал, үерийн даланг цэвэрлэсэн бол их дээд сургууль, ЕБС-ийн оюутан, сурагчид “Морин хуур цогцолбор”, “Бурхант-Уул”, “Билүүт толгой”, Давхар толгой”, “Дархан 50 цогцолбор” зэрэг нийтийн эзэмшлийн талбайг хуваарын дагуу цэвэрлэжээ.
Бүх нийтийн цэвэрлэгээ нь иргэдэд ая тухтай, цэвэр орчинд ажиллаж амьдрах таатай нөхцлийг бүрдүүлэх зорилготой явагддаг. “Энэ удаагийн бүх нийтийн цэвэрлэгээ нь аймгийн Засаг даргын захирамжийн хүрээнд зохион байгуулагдаж иргэд, байгууллагууд идэвх санаачлагатай оролцож үр дүнтэй ажиллаа” гэж аймгийн Захирагчийн албанаас сэтгүүлчдэд хийсэн мэдээлэлд онцлов.
Б.Норовсамбуу