“Ордосын хүрэл” түүх соёлын үнэт үзмэрүүдийн нэг

Фото
altantogos888@gmail.com
2020-04-06 15:29:48
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. “Ордосын хүрэл” буюу буга барьж буй чонын дүрст энэхүү хүрэл эдлэл нь түүх соёлын үнэт зэрэглэлд бүртгэгдсэн Дундговь аймгийн музейн хамгийн үнэ цэнтэй үзмэрүүдийн нэг юм.

НТӨ 3000- 800 жилд хамаарах түүхийн чухал үеийг харуулсан хүрэл зэвсгийн үеийн ховор нандин олдвор болох 800 орчим хүрлийн цуглуулга тус аймгийн музейд хадгалагдаж байдаг. Эдгээр цуглуулгыг Зэвсэг болон аж ахуйн хэрэгцээний зүйлс, гоёл чимэглэлийн зүйлс, шүтлэг бишрэлийн эд зүйлс хэмээн ангилдаг байна.

Хүрлийн үеийн гоёл чимэглэлийн зүйлд ихэвчлэн амьтны загварт хүрэл эдлэл байхаас гадна товруу, ээмэг, бөгж, унжлага, хонх болон зорилалт нь тодорхойгүй бусад чимэглэлийн зүйлс багтдаг.

Амьтны загварт хүрэл эдлэлүүдээс “Ордосын хүрэл” нь хэмжээгээрээ (12х7,5 см) том, хийц, загвар сайтайд тооцогддог бөгөөд тус аймгийн музей өөрийн “лого”-г энэхүү үзмэрийн зургаар бүтээсэн байна.

Хүрэл зэвсгийн үед Евразийн нутагт өргөн тархсан дүрслэх урлагийн нэгэн хэлбэр бол амьтныг загварчлан дүрслэх урлаг байж. Энэ урлагийн онцлог нь хэд хэдэн амьтдыг бүтнээр нь буюу тэдгээрийн биеийн зарим хэсгийг тогтсон нэг барилаар гол шинжийг нь тодруулан гаргаж бодит ба загварчлалын аль алиныг нь хослуулан амьтдын дүрийг бүтээдэгт оршдог аж.

Эрдэмтэн, судлаачдын тодорхойлсноор тус музейн цуглуулгад байгаа амьтдын дүрст хүрэл эдлэлүүд нь НТӨ VIII зуунаас Хүннү улсын үе хүртэлх цаг хугацаанд холбогддог байна.

Дундговь аймгийн музейн сан хөмрөгт хадгалагдаж байгаа амьтдын дүрст хүрэл чимэглэлүүдийн дээжээс толилуулж байна.

/Эх сурвалж: “Дундговь аймгийн музейн сан хөмрөгөөс” цомог, 2019 он/