Завхан аймаг иргэдийнхээ эрүүл ахуй, ариун цэврийн үйлчилгээнд анхаарч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан /МОНЦАМЭ/. Завхан
аймагт Эрүүл ахуйн шаардлага хангасан, уур амьсгалын хүнд нөхцөлд тэсвэртэй
ариун цэврийн байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх төсөл хэрэгжиж байна.
Солонгосын олон улсын
хамтын ажиллагааны байгууллага буюу КОЙКА болон НҮБ-ын Хүүхдийн сангийн
хамтарсан “Орон нутгийн иргэдэд түшиглэсэн, уур амьсгалд тэсвэртэй ус хангамж,
ариун цэвэр, эрүүл ахуйн үйлчилгээ” төсөл нь 2019-2021 он хүртэл хэрэгжих юм.
Тус төслийн хүрээнд эрүүл ахуйн шаардлага хангасан, уур амьсгалын хүнд нөхцөлд
тэсвэртэй ариун цэврийн байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлжээ.
Тухайлбал 2019
онд Тэлмэн, Цэцэн-Уул, Тэс сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны
сурагчдад, нийтийн хэрэглээнд зориулж халуун усны байгууламжийг барьж
ашиглалтад оруулжээ. Мөн Тосонцэнгэл сумын ерөнхий боловсролын нэгдүгээр
сургууль, Түдэвтэй, Яруу, Их-Уул сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур
байрны гадна сайжруулсан, уламжлалт гэрэлтүүлэгтэй бие засах газрыг байгуулсан.
Нөмрөг суманд гэхэд нийтийн халуун усыг барьж дэргэд нь гүн өрмийн худгийг
гаргаж өгсөн гээд 12400 гаруй хүүхэд, иргэдийн эрүүл ахуй, ариун цэврийн
үйлчилгээний хүртээмж нэмэгдээд буй тухай мэдээллийг аймгийн ЗДТГ-аас өглөө.
Завханы 24 сум усны төлөвлөгөөтэй болжээ
Завхан
аймаг орон нутгийнхаа ус, хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйтай холбоотой
бодлого, төлөвлөгөө гарган ажиллаж байна.
Тухайлбал орон нутгийн
удирдлагын чадавхыг бэхжүүлэх, байгалийн аливаа гамшгийн үед ус, ариун цэврийн
байгууламжтай холбоотой эрсдэлийг бууруулах чадавхыг нэмэгдүүлэх зорилготойгоор
жижиг суурин газрын Усны аюулгүй байдлын төлөвлөгөөг боловсруулж байна. Орон
нутгийн мэргэжилтнүүдийг чадваржуулах сургалтыг 23 сумын Засаг дарга, байгаль
орчны байцаагч, хүнсний байцаагч, эрүүл мэндийн төвийн эрхлэгчдийг хамруулан
жил бүр зохион байгуулдаг. Аймгийн төв, Улиастай сумын усны аюулгүй байдлын
багийн мэргэжилтнүүд мөн чадавхжих сургалтад хамрагдсан байгаа. Дээрх сургалтад
хамрагдсан сум бүр “Усны аюулгүй байдлын төлөвлөгөө”-тэй болсон байна. Баянтэс
сумын сургуулийн дотуур байрны ариун цэврийн өрөөний засвар, Улиастай сумын
Чандмань-Эрдэнэ лаборатори сургууль, тавдугаар цэцэрлэгийн гал тогооны өрөөний
засвар, Улиастай сумын Чандмань-Эрдэнэ лаборатори сургуулийн зургаан настны ариун цэврийн өрөөний засвар зэрэг ажлыг өнгөрсөн жил төслийн
хүрээнд хийсэн тухай нэмж мэдээлэв.
Усны өдрийг олон нийтийн мэдлэг хандлагыг өөрчлөх өдөр
болгож хэвшжээ
Завхан аймагт дэлхийн
усны өдрийг тогтмол тэмдэглэж иржээ.
Тухайлбал орон нутгийн төр захиргааны байгууллагууд, хүүхэд, иргэд, хувийн хэвшлийн байгууллагуудын ус, ариун цэвэр, эрүүл ахуйн мэдлэг чадавхыг сайжруулах зорилготой арга хэмжээг зохион байгуулж хэвшжээ. “Дэлхийн усны өдөр”-өөр олон нийт рүү чиглэсэн байгаль орчноо хайрлаж хамгаалах, аюулгүй усыг хүнсний зориулалтаар хэрэглэх, усны савыг зөв сонгох сэдлийг төрүүлэх сургалт сурталчилгааны аяныг өнгөрсөн жил хоёр удаа зохион байгуулсан байна.
Мөн “Дэлхийн гар угаах”, “Дэлхийн
жорлонгийн өдөр”-өөр олон нийтэд гараа бохирдсон тохиолдол бүрд угаах, бохир
гараар дамжих халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаарх заавар зөвлөгөөг
мэргэжлийн байгууллагууд өгдөг байна. Мөн нүхэн жорлонгийн стандарт,
байгууллага бүр эрүүл ахуйн шаардлага хангасан жорлонтой байхыг уриалсан
уралдаант аян, сургалт, сурталчилгаа, өдөрлөг зохион байгуулж, идэвхтэй
оролцсон хүүхдүүдийг урамшуулж байна. Энэхүү арга хэмжээнд 17500 орчим хүүхэд оролцож
иргэдэд 5500 ширхэг брошур материалыг тарааж өгчээ.