Нийслэлийн 2020 оны төсөвт тодотгол хийхийг шаардав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-03-31 11:33:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ дахь АН-ын бүлгээс нийслэлийн 2020 оны төсөвт тодотгол хийх шаардлагыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханд өнөөдөр хүргүүлэв.


Нийслэлийн 2020 оны төсөвт жил 1 их наяд 211 тэрбум 604.3 сая төгрөгийн орлого төвлөрүүлэхээр баталсан. Гэвч “COVID-19” халдварын улмаас төсвийн орлого тасрах эрсдэлд ороод буй юм. Засгийн газраас аж ахуйн нэгжүүдийн нийгмийн даатгалын шимтгэл, ХХОАТ-ыг хөнгөлөх шийдвэр гаргасан нь мөн нийслэлийн орлогод сөргөөр нөлөөлнө хэмээн тус бүлэг үзжээ. “COVID-19” халдварын улмаас олон улсад аялал жуулчлал зогсож байгаа тул жуулчдад зориулсан наадам, цэнгээн зохион байгуулах, гадаад дотоод албан томилолтын зардлыг хэмнэх боломжтойг шаардлагад дурдсан байна. Мөн хэмнэсэн хөрөнгийг эрүүл мэнд, онцгой байдал, мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллага болон дүүргийн албан хаагчдад улирлын урамшуулал болгон олгох нь зөв хэмээжээ. Түүнчлэн амьсгалын аппарат, тоног төхөөрөмж авах, хөрсний бохирдлыг бууруулах, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих бичил бизнесийн сангийн эх үүсвэрийг нэмэх хэрэгтэй байгааг шаардлагад дурджээ.

Холбоотой мэдээ