Европын хотуудын агаарын бохирдол буурчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2020-03-30 15:16:43

БРЮССЕЛЬ. /Reuters/. Европт коронавирусний халдварын тархалтыг хязгаарлах үүднээс хөл хорионы арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байгаатай холбоотойгоор тус тивийн зарим хотын агаарын бохирдол буурсныг Европын Сансар судлалын агентлагаас даваа гарагт олон нийтэд танилцуулсан хиймэл дагуулын гэрэл зургууд харуулжээ.


Sentinel-5” хиймэл дагуулаас авсан гэрэл зургуудаас үзэхэд Брюссель, Парис, Мадрид, Милан, Франкфурт хотын агаар дахь азотын давхар ислийн энэ сарын 5-25-ны дундаж түвшнийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад буурсан байжээ. Энэхүү үр дүн нь азотын давхар ислийн гол эх үүсвэр болох зам тээврийн хөдөлгөөнийг хязгаарлаж, үйлдвэрүүдийн гарц саарсан хөл хорионы үетэй давхцаж байгаа юм.



Европын Сансар судлалын агентлаг болон Европын Олон нийтийн эрүүл мэндийн холбооноос танилцуулсан гэрэл зургуудад амьсгалын замын өвчнүүд, хорт хавдрыг үүсгэдэг азотын давхар ислийн ялгарлын бууралт илт ажиглагджээ. Жишээлбэл, Мадрид хотод энэ сарын 14-нөөс эхлэн онцын шаардлагагүй зорчих хөдөлгөөнийг хязгаарласнаас хойших долоо хоногийг өмнөх үетэй харьцуулахад азотын давхар ислийн дундаж түвшин 56 хувиар буурчээ.


Олон нийтийн эрүүл мэндийн холбооны мэдээлснээр, бохирдсон агаараар амьсгалах нь дархлааны тогтолцоог сулруулж, халдвартай тэмцэх чадварыг бууруулдаг тул агаарын бохирдол ихтэй газруудын оршин суугчид “COVID-19”-өөр халдварлах эрсдэл өндөр байж болзошгүй ажээ.


"Эдгээр нь хоорондоо холбоо хамааралтай байх магадлал маш өндөр. Гэсэн хэдий ч энэ нь шинэ өвчин тул цаашид үргэлжлүүлэн судлах шаардлагатай" гэж Олон нийтийн эрүүл мэндийн холбооны Цэвэр агаарын бодлого хариуцсан мэргэжилтэн Золтан Массай-Косубек хэлжээ. Агаарын бохирдол нь уушгины хорт хавдар, уушгины өвчин үүсгэж, цус харвахад нөлөөлдөг юм. 

Холбоотой мэдээ