Тусгаарлалтад байсан 150 хүнийг гаргажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-03-30 12:27:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаадаас эх орондоо ирээс УОК-ын шийдвэрийн дагуу тусгаарласан 150 хүнийг тусгаарлалтаас гаргажээ. Эдгээр иргэд гэртээ 14 хоног өөрийгөө тусгаарлах үүрэгтэйг УОК-ын Шуурхай штабын дарга, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр тус штабын ээлжит хэвлэлийн хурлын үеэр онцлов.


Одоогийн байдлаар улсын хэмжээнд 2516 хүнийг тусгаарласан байна. Тусгаарлалтаас гарч буй иргэдэд мэргэжлийн байгууллагууд өөрийгөө тусгаарлах талаар заавар зөвлөмж өгч буй юм. Гэтэл иргэд зөвлөмжийг зөрчих тохиолдол гарч байгааг хурандаа Б.Ууганбаяр онцлоод дээрх хүмүүст хуулийн хариуцлага тооцно гэдгийг дурдав.


Тэрбээр, “Сэлэнгэ аймгаас Улаанбаатар хотод ирээд тусгаарлагдсан хүн тусгаарлалтаас гарсныхаа дараа 2-3 хоног архидан согтуурсан. Уг асуудлыг цагдаагийн байгууллагаар шалгуулна. Халдварын нууц үеийн талаар ЭМЯ болон бусад байгууллагаас сануулж, зөвлөсөөр байхад хорио цээрийн дэглэм зөрчиж болохгүй. Одоо халдвартай тэмцэх хамгийн чухал үе ирж байгаа тул энгийн иргэд ч, тусгаарлалтаас гарсан хүмүүс ч анхаарал, болгоомжтой байх хэрэгтэй” гэлээ.


Түүнчлэн ойрын хугацаанд гадаадад зорчих иргэдийг тусгай нислэгээр авахад хүндрэлтэй тул хувийн бэлтгэлээ хангахыг анхаарууллаа. Иргэд тухайн улсдаа очоод тусгаарлагдах магадлалтай байгаа юм. Тухайлбал, БНСУ гадаадын иргэдийн өөрийнх нь зардлаар 14 хоног тусгаарлахаар шийдвэрлэсэн бөгөөд нэг хоногийн зардал 100 мянган вон байх аж.

Холбоотой мэдээ