Ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2020-03-30 11:36:56
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу аймгийн Онцгой комисс, Засаг даргын шийдвэр гарч, Дундговь аймгийн хэмжээнд ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна.

Энэ сарын 21-нээс эхлэн аж ахуйн нэгж байгууллага, орон сууцны орц, хонгил, айл өрхийн бие засах газар, бохир усны цооногт харин өнгөрсөн бямба гарагаас эхлэн нийтийн эзэмшлийн талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийж эхэлжээ.

Аймгийн ОБГ, Мал эмнэлгийн газар, Зоонозын өвчин судлалын төв хамтран дөрвөн машин, 20 гаруй албан хаагчдын бүрэлдэхүүнтэйгээр 25 км автозам, 100 гаруй м2 нийтийн эзэмшлийн болон аж ахуйн нэгж байгууллагын талбайд ариутгал хийж байгаа ажээ.

Аж ахуйн нэгж байгууллага, орон сууцны орц, хонгил, айл өрхийн бие засах газар, бохир усны цооногт халдваргүйтгэл хийх ажлыг  "Наранбулаг" ХХК, "Сайнтүшиг" ХХК гүйцэтгэж байгаа ба энэ сарын 24-ний байдлаар 113 аж ахуйн нэгж, 53 орон сууцны 75 орцонд халдваргүйтгэл хийсэн байна.

Мөн автотээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор орох чиглэлд нэвтэрсэн бүх тээврийн хэрэгсэлд халдваргүйтгэл хийж байгаа аж.

Аймгийн МХГ-аас ариутгал халдваргүйжүүлэлтийн чанарт байнгын хяналт тавьж, халдваргүйтгэлийн бодисуудад лабораторийн шинжилгээ хийж байгаа бөгөөд ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийж буй жавелин, ДП2Т бодисууд нь Монгол Улсын эмийн бодисын бүртгэлд орсон, хэрэглэхийг зөвшөөрсөн бодисууд хэмээн тус байгууллагаас мэдээлсэн юм. 

Холбоотой мэдээ