Гал түймэр өнгөрсөн оныхоос 35.7 хувиар буурчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
boloroo8136@gmail.com
2020-03-27 12:03:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Он гарсаар улсын хэмжээнд  эхний гурван сарын байдлаар нийт 772 удаагийн ахуйн гал түймэр гарч, 4.2 тэрбум төгрөгийн хохирол учирч, 33 хүн нас барж, 372 толгой мал хорогдож, 456 гэр орон сууц шатсан байна.

Дээрх гал түймрийн аюулаас Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 395 хүний амь, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 14.6 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.

Гарсан гал түймрийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад гал түймрийн тоо 35.7  хувиар буурч, учирсан хохирлын хэмжээ 27.3 хувиар өссөн байна.

Харин Архангай, Булган, Дорнод, Сэлэнгэ аймгийн найман суманд найман удаагийн ой, хээрийн түймэр гарч, урьдчилсан байдлаар 22 га ой, 14810 га хээр нийт 14832 га талбай түймэрт өртжээ.

Гал түймрийн урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтыг 4641 байгууллага, аж ахуйн нэгж, 50349 айл өрхөд, гал түймрийн хэрэг зөрчилд хүргэж болзошгүй 33 617 зөрчил дутагдал илрүүлэн, 15176 зөрчлийг үзлэг шалгалтын явцад арилгуулж, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг зөрчсөн байгууллага, аж ахуйн нэгжийн холбогдох албан тушаалтан, иргэдийг Зөрчлийн тухай хуулиар  98.9 сая төгрөгөөр торгожээ.

Холбоотой мэдээ