Хөл хорио тогтоосноос хойш 56 иргэнийг тусгаарлаж, хяналтад авсан байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-03-26 11:21:48

Дорнод /МОНЦАМЭ/Нэгдүгээр сарын 28-наас өнөөдрийг хүртэл Дорнод аймгийн хэмжээнд нийт 56 иргэнийг тусгаарлах болон гэрийн хяналтад авсан байна. Дээрх иргэд нь коронавирусний халдвар гарсан бүс нутагт аялсан, суралцдаг, суурьшин амьдарч байсан юм. 

Өнөөдрийн байдлаар Ульхан, Эрээнцавын боомтоор хил нэвтэрсэн 28 иргэнийг Халдвартын тасагт тусгаарлаж, тээврийн хэрэгсэл, ачаа тээшийг бүрэн халдваргүйжүүлсэн. Сэжигтэй ангилалд бүртгэгдсэн хүн байхгүй гэж БОЭТ-өөс мэдээллээ.

Тусгаарлан ажиглах байранд их эмч нэг, сувилагч нэг, үйлчлэгч хоёр, ариутгагч нэг, нийт таван хүн 14 хоногийн хугацаанд дээрх иргэдтэй хамт тусгаарлагдан, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Халдвартын эмнэлгийн үүдэнд Цагдаагийн пост 24 цагаар гарч байгаа аж.

Тусгаарлагдсан иргэдэд ахуйн хэрэглээний шаардлагатай эд зүйлсийг зөвхөн мягмар гарагт 17.30-18.30 цагийн хооронд оруулахаар журамлаж, 12 хүртэлх насны хүүхэд 15 мянга, насанд хүрэгчдийг 25 мянган төгрөгөөр тооцож тусгаарлахаар тогтсон байна.

Холбоотой мэдээ