Дэлхийн эдийн засагт коронавирус хэрхэн нөлөөлж байна вэ?

Дэлхийд | Эдийн Засаг
khulan@montsame.gov.mn
2020-03-20 12:35:35

ЛОНДОН. /BBC/. БНХАУ-д өнгөрсөн оны сүүлээр анх илэрсэн шинэ коронавирус дэлхийн хэмжээнд 200 мянга гаруй хүнд халдварлаж, халдварын тархалт дэлхийн эдийн засагт үлэмж хохирол учруулаад байна. Одоогийн байдлаар коронавирус эдийн засагт хэдий хэмжээний хохирол учруулсныг танилцуулъя.


Хувьцааны ханш унав

Компаниудын хувьцааг худалдан авч, борлуулдаг хөрөнгийн зах зээлд томоохон уналтууд ажиглагдав. Халдвар 2019 оны 12 дугаар сарын сүүлээр дэгдсэнээс хойш “FTSE, Dow Jones Industrial Average”, “Nikkei” индекс бүгд томоохон бууралт үзүүлжээ.





Dow”, FTSE” индекс 1987 оноос хойш нэг өдөрт хамгийн их буурав.


Халдварын тархалт эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж, үүнийг Засгийн газрууд зохицуулж чадахгүй нөхцөл байдал үүсэж болзошгүйд хөрөнгө оруулагчид санаа зовниж эхэллээ.


Эдийн засагт учруулах халдварын нөлөөг бууруулах үүднээс дэлхийн олон орны Төв банк бодлогын хүүгээ буурууллаа. Ингэснээр, онолын дагуу зээлийн хүү буурч, эдийн засгийг дэмжих зарцуулалтыг нэмэгдүүлнэ.


АНУ-ын Холбооны нөөцийн сан, Английн Төв банк бодлогын хүүгээ огцом бууруулаад байна.


Халдварын улмаас 50 гаруй орны Төв банк бодлогын хүүгээ бууруулсан нь


Хамгийн их хохирол амсаж буй салбаруудын нэг бол аялал жуулчлал

Агаарын тээврийн компаниуд нислэгээ бууруулж, жуулчдын бизнес аялал, амралтууд цуцлагдсанаар аялал жуулчлалын салбар ихээхэн хохирол амсаад байна.


Мөн халдварын тархалтыг хязгаарлахын тулд олон орны Засгийн газар аяллын хязгаарлалт тогтоосон байна.



Халдварын улмаас 100 гаруй орон аяллын хязгаарлалт тогтоосон нь


Европын Холбоо гадаадын иргэдийг 30 хоногийн турш хилээрээ нэвтрүүлэхийг хориглосон. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа Европоос ирэх, очих агаарын тээвэрт хязгаарлалт тогтоосон юм.


ForwardKeys” судалгааны фирмийн мэргэжилтнүүдийн цуглуулсан энэ сарын 8 хүртэлх мэдээллээс үзэхэд, АНУ-аас захиалсан олон улсын нислэгийн тийз өнгөрсөн оны мөн үеийнхээс 37 хувиар буурчээ.  


Их Британийн аялал жуулчлалын мэргэжилтнүүд Хятадын жуулчдын зорчих хөдөлгөөн буурч буйд ихээхэн санаа зовниж байгаагаа илэрхийлжээ. Их Британид 2019 оны есдүгээр сар хүртэл 12 сарын хугацаанд Хятадын 415 мянган жуулчин аялсан байна.


Хэрэглэгчийн худалдан авалт буурав

Халдвар тархахаас урьдчилан сэргийлэх үүднээс хөл хорио тогтоосон нь хэрэглэгчийн худалдан авалтад нөлөөлсний зэрэгцээ зочид буудлууд, зоогийн газруудад үлэмж хэмжээний нөлөө үзүүлжээ.



Зарим орны зоогийн газруудын захиалгыг өмнөх оны мөн үетэй харьцуулсан нь


Хятадын үйлдвэрүүдийн үйл ажиллагаа саарав

Коронавирус анх илэрсэн Хятад улсад энэ оны эхний хоёр сарын аж үйлдвэрийн үйлдвэрлэл, борлуулалт, хөрөнгө оруулалтыг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад бүгд буурсан дүн үзүүлжээ.


Хятад улс нь дэлхийн үйлдвэрлэлийн гуравны нэгийг бүрдүүлдэг бөгөөд дэлхийн хамгийн том экспортлогч орон юм. Тус улсын аж үйлдвэрийн үйл ажиллагааны сааралт сансраас хүртэл илэрхий харагджээ.


АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах төвийн /NASA/ мэдээлснээр, Хятадын агаарын бохирдол коронавирусний халдвар дэгдсэнээс хойш мэдэгдэхүйц буурсныг хиймэл дагуулуудаас авсан гэрэл зургууд харуулжээ. 


Хятад улсын азотын давхар ислийн ялгарлыг харьцуулсан нь


Халдварын тархалтыг хязгаарлах үүднээс хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд аж үйлдвэрийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч “JCB”, автомашин үйлдвэрлэгч “Nissan” зэрэг томоохон компаниудын нийлүүлэлтийн гинжин хэлхээнд мөн нөлөөлжээ.


Мөн дэлгүүрүүд, автомашин борлуулалтын төлөөлөгчийн газруудын эрэлт буурсан дүн үзүүлжээ. Жишээлбэл, Хятадын автомашины борлуулалт өнгөрсөн хоёрдугаар сарын эхний хагаст 92 хувиар буурчээ. Түүнчлэн “Tesla”, “Geely” зэрэг автомашин үйлдвэрлэгчид одоогийн байдлаар хэрэглэгчдэд цахимаар автомашинаа борлуулж байна.


“Эрсдэл багатай” хөрөнгө оруулалтад хүртэл нөлөөлөв

Аливаа хямрал нүүрлэх үед хөрөнгө оруулагчид эрсдэл багатай хөрөнгө оруулалтыг голчлон сонгодог. Тодорхойгүй нөхцөл байдал нүүрлэх үед алтыг хамгийн “аюулгүй” хөрөнгө оруулалт гэж үздэг. Алтны үнэ гуравдугаар сар хүртэл өссөн боловч дэлхийн эдийн засаг уналтад орж болзошгүйд хөрөнгө оруулагчид санаа зовниж эхэлсэнтэй холбоотойгоор уг металлын үнэ хүртэл уналаа.



Алтны үнэ энэ оны эхний гурван сарын байдлаар


Үүний нэгэн адил нефтийн үнэ ч мөн 2001 оны зургадугаар сараас хойших хамгийн бага хэмжээнд хүрэв. Хөрөнгө оруулагчид халдварын тархалт дэлхийн эдийн засагт үзүүлэх хохирол нэмэгдэж, нефтийн эрэлтэд нөлөөлнө хэмээн эмээж байна.


Мөн Нефть экспортлогч орнуудын байгууллага /ОПЕК/, ОХУ хоорондын маргаан нефтийн үнэд хэдийн нөлөөлж эхэлсэн бөгөөд коронавирус нефтийн үнийг улам унагаж болзошгүй байна.


Өсөлт зогсонги байдалд орж болзошгүй

Эдийн засаг өсөж байгаа тохиолдолд хөрөнгө чинээ улам нэмэгдэж, ажлын байрнууд шинээр нэмэгддэг. Үүнийг дотоодын нийт бүтээгдэхүүний хувийн өсөлтөөр эсвэл үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний өртгөөр хэмждэг бөгөөд гурван сар юм уу нэг жилээр тооцоолдог.


“Дэлхийн эдийн засгийн өсөлт коронавирусний халдварын улмаас энэ онд 2009 оноос хойш хамгийн ихээр саарч болзошгүй байна” гэж Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага /OECD/ мэдээлжээ.



Дэлхийн томоохон улс орнуудын эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамаглал


OECD” өнгөрсөн оны 11 дүгээр сард дэлхийн эдийн засаг 2020 онд 2.9 хувиар өснө хэмээн таамаглаж байсан бол сүүлд 2.4 хувь болгон бууруулжээ. Мөн тус байгууллагын мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, халдвар удаан хугацаанд, эрчимтэйгээр тархаж, аж үйлдвэрүүдийн үйл ажиллагаа зогсож, ажилтнууд хөл хорионд орсон тохиолдолд дэлхийн эдийн засаг 2020 онд 1.5 хувиар өсөж болзошгүй ажээ. 

Холбоотой мэдээ