Иргэний зөвлөлийн анхдугаар хуралдаан болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-04-28 17:33:45

Цагдаагийн албаны тухай шинэ хууль  хэрэгжиж байгаатай холбоотойгоор аймгийн ИТХ-ын дэргэд Иргэний зөвлөлийг долоон хүний бүрэлдэхүүнтэйгээр Тэргүүлэгчдийн наймдугаар хуралдаанаар байгуулсан.

Иргэний зөвлөлийн бүрэлдэхүүнд Н.Эрдэнэбилэг, Т.Гантулга, Г.Эрдэнэчимэг, Ш.Энхбаяр, Д.Отгонбаатар, Ц.Тэгшжаргал, Ш.Батмөнх нар сонгогдсон бөгөөд гишүүд дөрөвдүгээр сарын 24-нд хурлаа хийж Иргэний зөвлөлийн даргаар Ш.Энхбаярыг, Нарийн бичгийн даргаар Ц.Тэгшжаргалыг томиллоо.

Иргэний зөвлөлийн бүрэлдэхүүнийг сонгохдоо  олон нийтийн санал асуулга явуулж хамгийн их санал авсан хүмүүсийг сонгон шалгаруулах замаар ахмад, дунд, залуу үеийн болон эмэгтэйчүүдийн байгууллагын төлөөллийг жигд багтаасан байна.

Тэд цагдаа, төрийн алба, залуучуудын байгууллага зэрэгт хариуцлагатай алба хашиж  байсан, одоо хашиж байгаа ажлын туршлагатай хүмүүс аж. Иргэний зөвлөлийн гишүүдтэй тус аймгийн ИТХ-ын дарга,  ГХУСАЗСЗ-ийн дарга  Г.Ганбаатар уулзаж  сүүлийн үеийн гэмт хэрэг зөрчилтэй холбоотой тодорхой мэдээлэл өгснөөс гадна  зөвлөлийн  гишүүдийг  хэрхэн ажиллах болон  хууль дүрмийн дагуу ажиллах талаар зөвлөмж, чиглэл өглөө. Ялангуяа аймгийн ГХУСАЗСЗ-тэй ойр дотно хамтарч ажиллах талаар уриалав.  

Орон тооны бус Иргэний зөвлөл нь Цагдаагийн албаны тухай хуульд заасан зүйл заалтын дагуу цагдаагийн  байгууллагын төсвийн төсөл, зарцуулалт үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг сонсох, цагдаагийн албан хаагчийн сургалт, гэмт хэрэг зөрчилтэй тэмцэх үйл ажиллагаанд шинжлэх ухааны ололт, орчин үеийн техник технологи, мэдээллийн сүлжээг нэвтрүүлэх бодлогын хэрэгжилтэд хяналт тавих зэргээр ажиллана.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ