Элчин сайд Ш.Батцэцэг Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
ariunbold@montsame.mn
2020-03-17 16:53:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Батцэцэг Бүгд Найрамдах Куба Улсын Ерөнхийлөгч Мигель Диаз-Канелд энэ сарын 13-нд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.


Итгэмжлэх жуух бичиг барих үеэр Элчин сайд Ш.Батцэцэг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын  мэндчилгээг Ерөнхийлөгч М.Диаз-Канелд уламжилж, түүнийг манай улсад тааламжтай үедээ айлчлахыг урьсан Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгыг дахин нотлов. Мөн хоёр талын уламжлалт найрсаг харилцааг улам бэхжүүлж, эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч ажиллахаа илэрхийллээ. Түүнчлэн Куба нь Монголтой дипломат харилцаа тогтоосон Америк тивийн анхны улс бөгөөд манай улсын Өмнөд Америкийн орнуудтай харилцах гол “цонх” гэдгийг онцлон тэмдэглэв.


Ерөнхийлөгч М.Диаз-Канел Кубын эсрэг АНУ-ын эдийн засаг, худалдаа, санхүүгийн хориг арга хэмжээг цуцлахын төлөө тууштай байр суурийг баримталдаг монголын талд талархал илэрхийлэхийн зэрэгцээ Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгаар Монгол Улсад айлчлахаар төлөвлөж байгаагаа мэдэгдэж, Элчин сайдын хоёр орны ард түмний хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх үйл хэрэгт амжилт хүсэв.


Монгол, Кубын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой 2020 онд тохиож байгаа бөгөөд талууд энэ чухал тэмдэглэлт үйл явдалд өндөр ач холбогдол өгч, ойн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг төлөвлөн ажиллаж байна.

Холбоотой мэдээ