Жүжигчин Идрис Эльба коронавирусний халдвар авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2020-03-17 10:56:45

ВАШИНГТОН. /CNN/. Английн жүжигчин Идрис Эльба шинэ коронавирусний халдвар авсан гэдгээ “Twitter” хуудсаараа дамжуулан мэдээлжээ. Түүний шинжилгээний хариу даваа гарагт гарсан байна.


Өдгөө 47 настай И.Эльбагийн биеийн байдал сайн байгаа бөгөөд түүнд ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй байгаа аж. Өөртэй нь ойр байсан хүнээс халдвар илэрснийг өнгөрсөн баасан гарагт мэдсэнээсээ хойш тэрбээр өөрийгөө тусгаарлажээ.


И.Эльба “Twitter” хуудсандаа нийтэлсэн дүрс бичлэгийнхээ үеэр, бусад хүнээс зай барьж, гараа угааж хэвшихийг хүмүүст уриалаад, над шиг шинж тэмдэг илрээгүй хүмүүс олон байгаа гэдгийг онцлон хэлжээ. Luther” телевизийн цуврал болон “Marvel”-ын кинонуудад тоглосон И.Эльба биеийн байдлынхаа талаар мэдээлнэ гэдгээ мөн хэлсэн байна. 


Өнгөрсөн долоо хоногт Америкийн жүжигчин Том Хэнкс болон түүний гэргий Рита Уилсон нар коронавирусээр халдварласан тухайгаа олон нийтэд мэдээлсэн юм. Мөн HBO” сувгийн “Game of Thrones” цувралд Тормундын дүрийг бүтээсэн Норвегийн жүжигчин Кристофер Хивью халдвар авсан гэдгээ өчигдөр “Instagram” хуудсандаа нийтэлсэн байна. 

Холбоотой мэдээ