"Мөнхийн тун" хоногт 45 мянган амны хаалт үйлдвэрлэж улсын нөөцөд нийлүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-03-17 13:39:51
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Агаар дуслын замаар дамжин халдварладаг шинэ коронавирус “COVID-19”-ээс урьдчилан сэргийлэхийн тулд амны хаалт тогтмол хэрэглэхийг ДЭМБ зөвлөж байгаа. Улс орнууд өөрсдийн амны хаалтны хэрэгцээг хангахын тулд нөөц боломжоо тултал дайчилж байна. Манай урд хөрш л гэхэд өдөрт 75 сая ширхэг амны хаалт үйлдвэрлэж байгаа бөгөөд уг бүтээгдэхүүнийг экспортлохыг хориглосон. ОХУ, БНСУ мөн амны хаалт экспортлохыг хориглож, хоригийг зөрчсөн үйлдвэрүүддээ хатуу хариуцлага тооцож буй. Улс орон бүр амин хувиа бодохоос аргагүй энэ хэцүү үед манай улсын цорын ганц амны хаалтны үйлдвэр хоногийн 24 цаг тасралтгүй ажиллаж 45 мянган амны хаалт үйлдвэрлэн улсын нөөцөд нийлүүлж байна.



Амны хаалтны үйлдвэрлэл 10 дахин нэмэгджээ


Монголд амны хаалтны үйлдвэрлэл ашиггүй учраас энэ бизнес рүү хэн ч ордоггүй. Гэвч яг өнөөгийнх шиг онцгой нөхцөлд дотоодын хэрэгцээгээ бүрэн биш ч боломжийн хэмжээнд хангах нь үндэсний аюулгүй байдлын баталгаа юм хэмээн Мөнхийн тун ХХК-ийн Ерөнхий захирал, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Ц.Алтанцэцэг онцолсон юм.


Тус үйлдвэр энгийн үед 100 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Харин одоо улс оронд нэн шаардлагатай байгаа амны хаалт болон халдвар хамгааллын хувцас хэрэгсэл үйлдвэрлэхэд 200 гаруй ажилтнаа бүрэн дайчилж, бусад бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ түр зогсоожээ. Эднийх "COVID-19" халдвар гарахаас өмнө эмнэлгийн зориулалтаар жилдээ 500-600 мянган амны хаалт үйлдвэрлэдэг байж. Өдөрт 2000, хамгийн ихдээ 7000 ширхэг амны хаалт үйлдвэрлэдэг байсныг одоогийн 45 мянгатай харьцуулахад үйлдвэрлэл дунджаар 10 дахин нэмэгджээ.



Найман сая ширхэг амны хаалт үйлдвэрлэх нөөц бий


Манай улс он гарсаар 4.4 сая ширхэг амны хаалт импортолсон. Өнөөдөр эмийн сангуудаар зарж буй импортын амны хаалт 1200-3500 төгрөгийн үнэтэй байна. Харин эх орондоо үйлдвэрлэсэн, вирусээс 95 хувь хамгаалах чадвартай, шүүлтүүртэй амны хаалт түүнээс хоёр дахин хямд буюу 700 төгрөгийн үнэтэй. Энэ хямд, чанартай амны хаалт иргэдэд хүрч чадахгүй байгаа нь үнэ нэмж дамлан худалдах байдал хяналтаас гарсантай холбоотой аж. “Бид амны хаалтаа зах зээлд гаргасан. Гэвч хувь хүмүүс бөөндөж аваад үнийг хэд дахин нэмж зарах байдал хяналтаас гарсан тул албан байгууллагын хүсэлтийн дагуу нийлүүлэхээр шийдсэн” хэмээн Мөнхийн тун ХХК-ийн ТУЗ-ын дарга Д.Батхишиг тайлбарлав.



Он гарсаар ЭМЯ-наас гадна 280 орчим эмнэлэг, албан байгууллагад амны хаалт нийлүүлжээ. Нөхцөл байдал хүндрэхээс өмнө БНСУ-аас амны хаалт, вирусээс хамгаалах комбинзоны материал худалдан авах гэрээ байгуулсан нь өнөөдөр үйлдвэрлэл тогтвортой үргэлжлэх боломжийг бүрдүүлсэн байна. Одоо үйлдвэрийн агуулахад амны хаалт, хувцас хэрэгслийн 80 тн материал байгаа бөгөөд нэмэлтээр 60 тн ирж байгаа аж. Үүгээр найман сая ширхэг амны хаалт, 150 мянга ширхэг комбинзон, 120 мянган нэг удаагийн халат үйлдвэрлэнэ. Үндсэндээ үйлдвэрлэлээ 7-8 дугаар сар хүртэл тасралтгүй явуулах боломжтой болжээ.


Вирусээс хамгаалах нэг удаагийн комбинзоныг дотооддоо дөрөв дахин хямд үйлдвэрлэж байна


Халдварт өвчний голомт, эрсдэлтэй орчинд ажилладаг алба хаагчдын хэрэгцээнд зориулсан комбинзоныг мөн эднийх анх удаа Монголдоо үйлдвэрлэж байгаа юм. БНСУ-аар дамжин АНУ, Япон улсад орж ирдэг уг комбинзоны материалыг олоход амар биш. Нэг ширхэг нь БНХАУ-д 19 ам.доллар,  БНСУ-д 40 ам.доллар, АНУ-д 50 ам.доллароор зардаг уг комбинзоныг дотооддоо үйлдвэрлэж ширхгийг нь 25 мянган төгрөгөөр буюу дөрөв дахин хямдаар борлуулж байна. Эх орондоо үйлдвэрлэхийн ач тус үүнд байгаа юм гэж Мөнхийн тун ХХК-ийн ТУЗ-ын дарга Д.Батхишиг онцолсон юм.



"Тун фарм" эмийн үйлдвэр таван төрлийн 47 эмийг Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгүүлсэн бөгөөд өнгөрсөн онд олон улсын эм үйлдвэрлэлийн зохистой дадал буюу GMP стандартыг нэвтрүүлснээр бүтээгдэхүүнээ олон улсад экспортлох боломжтой болжээ. 30 сая хүн амтай Узбекистан улсад анальгин, фтлазол нийлүүлэхээр ажиллаж байгааг үйлдвэрийн удирдлагууд дуулгасан юм.


GMP стандартад нэгдүгээрт, барилга байгууламж, хоёрдугаарт, тоног төхөөрөмж, гуравдугаарт, агааржуулалтын систем, дөрөвдүгээрт, эхлэл материал, хүн хүчний чанарын шаардлагыг заасан байдаг аж. “GMP-ийн шаардлагад заасан хамгийн чухал тоног төхөөрөмж нь агааржуулалтын систем байдаг. Эм үйлдвэрлэх явцад дамжих бохирдлоос сэргийлэх үүднээс бүх өрөө 5-10 паскалийн даралтын зөрүүтэй байх ёстой. Энэ нь нэг эмэнд өөр нэг эмийн бохирдол орохоос сэргийлж буй хэрэг юм. Жишээлбэл, парацетамол үйлдвэрлэх явцад дамжих бохирдлоор анальгины хольц орсон бол анальгины харшилтай өвчтөний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх аюултай” хэмээн "Тун фарм" үйлдвэрийн захирал М.Хад-Эрдэнэ тайлбарлав.


Эм үйлдвэрлэлд хэрэглэдэг усыг 7 давхар шүүлтүүрээр шүүж, дээд зэргээр цэвэршүүлдэг бөгөөд үйлдвэрийн ариутгал, цэвэрлэгээнд ч цэвэршүүлсэн усаа хэрэглэдэг. Худалдаанд гарахад бэлэн болсон эмийг үйлдвэрийн лабораториудад шинжлэн дээжийг хадгалдаг аж. Мөн үйлдвэрээс гарч буй эмнэлгийн нэг удаагийн хувцас хэрэгслийг 10 цаг этилен оксидын хийгээр ариутгадаг бөгөөд ингэснээр бүтээгдэхүүний ариун чанар 5 жил хадгалагддаг байна.
















Холбоотой мэдээ