Танзанид коронавирусний халдварын анхны тохиолдол бүртгэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2020-03-17 10:02:10

ДОДОМА. /VOA/. Танзани, Бенин, Либери, Сомалид даваа гарагт коронавирусний халдварын анхны тохиолдол илэрснээр уг халдвар Африкийн 30 орчим улсад бүртгэгдлээ.  


Танзанийн Эрүүл мэндийн сайд Умми Мвалимугийн мэдээлснээр, Бельгиэс энэ сарын 14-нд Аруша хотод ирсэн 46 настай танзани эмэгтэйгээс коронавирусний халдвар илэрчээ. Уг зорчигчийг “Kilimanjaro” нисэх онгоцны буудалд буух үед эмнэлгийн ажилтнууд үзлэг хийсэн ч тухайн үед халуунгүй байсан. Түүний бие зочид буудалд очсоны дараа тавгүйрхсэн тул эмнэлэгт хандсан” гэж У.Мвалиму мэдээлжээ.


Өвчтөний биеийн байдал тогтвортой байгаа бөгөөд холбогдох албаны төлөөлөгчид түүнтэй ойр хавьтсан хүмүүсийг тогтоохоор ажиллаж байна гэж Эрүүл мэндийн сайд нэмж хэлжээ. Танзанид халдвар тархахаас урьдчилан сэргийлэх үүднээс олон арга хэмжээг хэрэгжүүлжээ. Тухайлбал, тус улсын Ерөнхийлөгч Жон Магуфули жил бүр зохион байгуулдаг “Uhuru” бамбарын ёслолыг хойшлуулсан байна.


Танзанийн Засгийн газар “COVID-19” халдвар тархсан орнуудад онцын шаардлагагүй тохиолдолд аялахгүй байхыг иргэддээ зөвлөжээ. Мөн сургууль, зочид буудал, сүм зэрэг олон нийтийн газруудад гар ариутгагч байрлуулахыг үүрэг болгожээ. 

Холбоотой мэдээ