Д.Батцогт: Чадвартай эмчээ тогтоон барихын тулд цалин нэмэх эрх эмнэлэгт олгогдсон

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-04-28 14:35:26

Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийг өнгөрсөн долоо хоногт УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэн баталсан. Тус хуулийг санаачилсан УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Д.Батцогт, Л.Энх-Амгалан болон ажлын хэсгийн гишүүд өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийв.

Хуулийг санаачлагч, ажлын хэсгийн ахлагч С.Одонтуяа өнгөрсөн 4 жилд эрүүл мэндийн эрх зүйн орчны шинэчлэлд чухал алхмууд хийсэн гэдгийг онцлоод "УИХ-аас Эрүүл мэндийн даатгалын хуулийг баталсан. Эмнэлгийн тусламж үйлчилгээний хуулийг баталлаа. Түүнчлэн Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хуулийг ойрын үед өргөн барихаар бэлдэж байна" гэлээ.

НББСШУБХ-ны дарга Д.Батцогт, "Энэ хуулийг баталснаар эрүүл мэндийн салбарт 70-80 хувийн шинэчлэл авчирна. Энэ хуулийг ярихын тулд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг эхэлж ярих ёстой. Бид эрүүл мэндийн даатгалыг тогтолцооных нь хувьд шинэчлээд, төр, хувийн хэвшил гэж ялгалгүйгээр эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх бололцоог нээж өгсөн. Тэгэхээр эмнэлгийн тусламж үйлчилгээгээ хэн нь чанартай үзүүлж чадаж байна вэ, тэр үйлчлүүлэгчдээ татна. Тэр хэмжээгээрээ ЭМДС-гаас авах санхүүжилт нь нэмэгдэнэ гэсэн үг.

Харин Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулиар эмнэлгийн засаглалыг сайжруулж өгснөөрөө ач холбогдолтой. Тухайлбал, улстөрөөс хараат бус болгож, боловсон хүчний болон санхүүгийн эрхийг нэмэгдүүлж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчидтай хамтарч ажиллах бололцоог нээж өгсөн. Чадвартай боловсон хүчнээ тогтоон барихын тулд цалинг нь нэмэх эрх эмнэлэгт олгогдож байна. Хувийн хэвшлийн эмнэлгүүд маш сайн хөгжиж байна. Учир нь тэдэнд санхүүгийн эрх мэдэл байдаг. Өөрсдөө менежмент, маркетингаа хийдэг. Гэтэл төрийн өмчийн эмнэлгүүд өнөөдрийг хүртэл хууль эрхзүйн орчиндоо хүлэгдээд, чөлөөтэй ажиллах бололцоо байдаггүй. Иймд эмнэлгийн засаглалыг сайжруулснаар эмнэлэг чадлынхаа хэрээр үйлчлүүлэгчээ татаж, даатгалын сангаас ахиухан мөнгө аваад, хэмнэсэн мөнгөөрөө эмч нарынхаа цалинг нэмэх, боловсон хүчнийхээ мэргэжлийг дээшлүүлэх зэрэгт зарцуулдаг болно" гэв.

Б.Туул

Холбоотой мэдээ