БНСУ-аас 244 иргэн эх орондоо ирлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2020-03-15 16:34:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар-Сөүлийн тусгай нислэг өнөөдөр 16.46 цагт Чингис хаан Олон улсын нисэх буудалд газардаж, БНСУ-аас 244 иргэн эх орондоо ирлээ.


Дээрх иргэдийг 14 хоног тусгаарлах бөгөөд жирэмсэн болон эмчилгээ хийлгээд ирж буй 47 иргэнийг Цэргийн төв эмнэлэгт, Бусан, Дэгү зэрэг эрсдэл өндөртэй бүсээс ирсэн 10 иргэнийг ХӨСҮТ-д, үлдсэн хүмүүсийг Энхсаран сувилалд ЗТХЯ-наас бэлтгэсэн найман автобусаар хүргэх юм. Түүнчлэн онгоцны нисэх бүрэлдэхүүн, нислэгийн турш хянагчаар ажилласан мэргэжлийн хяналтын хоёр байцаагчийг тусгаарлаж, ажиглах аж. (Тусгаарлах байранд дагаж мөрдөх журмыг энд дарж үзнэ үү)


“COVID-19” нь хатуу гадарга дээр удаан амьдрах чадвартай тул иргэдийн ачаа тээшийг 14 хоног ариутгасны дараа тарааж өгөх аж.


Сөүлээс ирэхээр бүртгүүлсэн хүмүүсээс хоёр нь халуунтай байсан тул онгоцонд суулгаагүй аж. Дээрх хоёр иргэний биеийн байдлын талаар БНСУ-ын байгууллагуудтай байнга холбогдож тодруулна гэдгийг ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг өнөөдөр болсон УОК-ын Шуурхай штабын ээлжит хэвлэлийн  бага хурлын үеэр мэдээлсэн юм. Мөн нэг хүн гадаад паспортаа мартсан гэсэн шалтгаанаар онгоцонд суугаагүй бол зарим иргэн нутаг буцах шаардлагагүй болсон хэмээн үлджээ.


Ташрамд дурдахад, маргааш буюу энэ сарын 16-нд Москва, Берлин, Токиогийн тусгай нислэг ирэх бөгөөд суудал дүүрсэн байна. Гэхдээ Сөүлийнхтэй ижил шалтгаанаар хүмүүс үлдэх магадлалтай гэдгийг ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг мөн мэдээлж байв.

Холбоотой мэдээ