Германаас монгол иргэдээ тусгай нислэгээр татахад дэмжлэг хүсэв

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
munkhbaatar@montsame.gov.mn
2020-03-13 17:17:52
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн өнөөдөр Холбооны Бүгд Найрамдах Герман Улс /ХБНГУ/-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ёорн Розенбергийг хүлээн авч уулзав.


Уулзалтын үеэр Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн ‘COVID-19’ халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх талаар манай Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулан Улсын онцгой комиссоос энэ сарын 10-нд гаргасан шийдвэрийн дагуу ХБНГУ-д богино хугацааны визтэй зорчсон, хүндэтгэн үзэх шалтгаантай монгол иргэдээ тусгай захиалгат нислэгээр нутаг буцаахаар ажиллаж буйг мэдэгдэв. Ингэхдээ Улсын онцгой комисс болон Эрүүл мэндийн яамнаас гаргаж буй шаардлагын дагуу ХБНГУ-аас нутаг буцах монгол иргэдийг ‘COVID-19’-ийн шинжилгээнд хамруулахад Германы талаас дэмжлэг хүсэв. Мөн визийн хугацаа нь дуусаж буй манай иргэдийн асуудлыг нааштай шийдвэрлэх талаар хамтран ажиллаж буйд талархал илэрхийллээ.


Элчин сайд Ёорн Розенберг ХБНГУ “COVID-19”-ын эсрэг ДЭМБ-ын зөвлөмжийн хүрээнд шаардлагатай арга хэмжээ авч ажиллаж буй талаар мэдээлээд Берлин рүү тусгай захиалгат нислэг үйлдэхтэй холбогдуулан Монголын талаас тавьсан хүсэлтийг өөрийн улсын ГХЯ зэрэг холбогдох байгууллагад шуурхай уламжилж, хариу өгөхөө мэдэгдэв.

Холбоотой мэдээ