Ахмад настан, архаг хууч өвчтэй хүмүүст зөвлөмж хүргүүллээ

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2020-03-12 15:04:09
Баянхонгор /МОНЦАМЭ/. "Ковид-19" халдвараар ахмад настан, зүрх судас, чихрийн шижин, артерийн даралт ихдэлт, хавдар, бөөр, амьсгалын замын өвчтэй, дархлаа дарангуйлах эм хэрэглэдэг хүмүүс хүндрэх эрсдэлтэйг ДЭМБ анхааруулж буй. Үүнтэй холбогдуулан аймгийн Эрүүл мэндийн газраас зөвлөмж хүргүүллээ.
Дээр дурдагдсан өвчлөлтэй хүмүүс эмчийн тогтмол хяналтад байх, эмийг эмчийн зааврын дагуу хэрэглэх, холбоо барих хүний утасны дугаартай байхыг сануулав. Мөн давс, чихэр, өөх тос багатай хоол, хүнс хэрэглэх, халуун, бүлээн шингэн зүйл ойр ойрхон уух, сайн унтаж амрах, тайван стрессгүй, ядрахгүй байхыг зөвлөлөө. Түүнээс гадна дулаан хувцаслах, даарахгүй байх, хөнгөн дасгал хөдөлгөөн хийх, ханиаж, найтааж байгаа хүнээс хол байхаас гадна олон нийтийн газраар явахгүй байхыг онцгой анхааруулав.
Амны хаалт зүүж, гараа сайтар савандаж угаахыг хэвшил болгон, бие тавгүйрхвэл 9544103, 7044103 дугаарт хандан зөвлөгөө авах, харьяа сум, ӨЭМТ-д хандахыг зөвлөлөө.
Холбоотой мэдээ