АНЭУ нефтийн олборлолтоо 30 хувиар нэмэгдүүлнэ

Дэлхийд | Эдийн Засаг
khulan@montsame.gov.mn
2020-03-12 09:23:05

АБУ-ДАБИ. /NHK/. Арабын Нэгдсэн Эмират Улс /АНЭУ/ нефтийн олборлолтоо нэмэгдүүлнэ гэж мэдээлснээр дэлхийн дахинд нефтийн нийлүүлэлт хэтэрч болзошгүй нөхцөл байдал үүслээ.


АНЭУ-ын төрийн өмчит нефтийн компани ирэх дөрөвдүгээр сараас эхлэн өдөрт дөрвөн сая торх нефтийг зах зээлд нийлүүлнэ гэж лхагва гарагт мэдэгдсэн нь тус улсын нефтийн нийлүүлэлтийн одоогийн түвшнээс 30 орчим хувиар их үзүүлэлт юм.


Саудын Араб мягмар гарагт үүнтэй ижил мэдэгдлийг хийсэн бол ОХУ ч мөн нефтийн олборлолтоо нэмэгдүүлэхээр төлөвлөж буйгаа мэдэгдсэн билээ. Эдгээр гурван орны нефтийн нийлүүлэлтийн өсөлт нь дэлхийн эрэлтийн 5 орчим хувьтай тэнцэнэ.


“ОПЕК”-ийн гишүүн болон гишүүн бус орнуудын уулзалт өнгөрсөн долоо хоногт болсны дараа дээрх шийдвэрүүд гарчээ. Уг уулзалтаар “COVID-19” халдварын улмаас нефтийн эрэлт буурах төлөвтэй байгаатай холбогдуулан нефтийн үнийг тогтворжуулахын тулд олборлолтыг бууруулах талаар хэлэлцсэн боловч зөвшилцөлд хүрч чадаагүй юм.

Холбоотой мэдээ