Саудын Араб, ОХУ нефтийн олборлолтоо нэмэгдүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2020-03-11 11:41:35

ЭР-РИЯД. /NHK/. "COVID-19" халдварын улмаас нефтийн эрэлт буурах төлөвтэй байгаа хэдий ч Саудын Араб, ОХУ нефтийн олборлолтоо нэмэгдүүлнэ гэдгээ мэдэгджээ. “ОПЕК”-ийн гишүүн болон гишүүн бус орнууд нефтийн олборлолтыг бууруулах талаар өнгөрсөн долоо хоногт хэлэлцсэн боловч зөвшилцөлд хүрч чадаагүйн дараа эдгээр шийдвэр гарчээ.


Саудын Арабын төрийн өмчит “Saudi Aramco” компани ирэх сараас өдөрт 12.3 сая торх нефть олборлож эхлэхээр болсон тухайгаа мягмар гарагт мэдэгдсэн байна.


Мөн ОХУ-ын Эрчим хүчний сайд Александр Новак мэдэгдэхдээ, манай улс богино хугацаанд өдөрт олборлох нефтийн хэмжээгээ 300 мянга хүртэлх торхоор нэмэгдүүлнэ гэжээ. Мөн тэрбээр, өдрийн олборлолтыг дунд, урт хугацаанд хагас сая торхоор нэмэгдүүлэх боломжтой гэж нэмж хэлжээ. Эдгээр үзүүлэлтээс харахад ОХУ нефтийн нийлүүлэлтээ 4 гаруй хувиар нэмэгдүүлэх боломжтой байна. Хоёр орны нефтийн олборлолтын өсөлт нь дэлхийн нефтийн эрэлтийн 3 орчим хувьтай тэнцэх юм. Түүнчлэн эдгээр шийдвэр “үнийн дайн” дэгдэж болзошгүй эрсдэлийг нэмэгдүүлжээ.


Нефть олборлогч зарим орон зах зээл дэх замбараагүй байдлыг зохицуулахын тулд хамтын ажиллагаагаа сэргээхийг уриалж байгаа юм. Ирак улсын эрх баригчдын үзэж буйгаар, нефтийн нийлүүлэлт хэтэрснээр үнэ огцом унах тул зөвхөн нефть олборлогч орнуудын эдийн засагт хохирол учрах ажээ. 

Холбоотой мэдээ