ЭХО аппаратны тоог нэмэгдүүлэх шаардлагатай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2020-03-12 10:48:31

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн ЭХО-д харуулахад маш хэцүү, олон хоног хүлээдэг гэсэн иргэдийн гомдол хүсэлтийн дагуу дараах сурвалжлагыг бэлтгэлээ.

Жирэмсэн эхчүүдийн ярьж буйгаар нэгдсэн эмнэлэгт жирэмсний анхны болон таван сартайн ургийн ЭХО-д харуулна гэдэг хэцүү ачаалал их тул гадуур хувийн эмнэлэгт мөнгө төлж харуулбал илүү хурдан, чирэгдэлгүй байдаг аж. Ялангуяа сум орон нутгаас ирсэн хүмүүст маш хүндрэлтэй байдаг. Мөн ЭХО-д үдээс хойш харахгүй, ихэнхдээ цоожтой хаалга угтдаг гэсэн гомдол их байна. Ингээд үйлчлүүлэгчид болон эмч мэргэжилтэнтэй уулзаж ярилцлаа.  

Биндэр сумын харъяат иргэн Б: "Би сумаасаа жирэмсний таван сартайн ЭХО-д харуулах гэж ирсэн. Нэгдсэн эмнэлгийн ЭХО дараалал ихтэй, олон хоног төвд байх айл байхгүй тул хувийн ЭХО-д харуулаад буцах гэж байна. Үнийн хувьд нэлээд өндөр юм. Гэвч олон хоног төвд үргүй зардал гаргаж байснаас хувийнхад нь ч болтугай харуулаад буцсан нь дээр. Хяналтын эмч маань цахимаар буюу утсаар дугаар авах талаар хэлж зааварлаагүй" гэв.

Өмнөдэлгэр сумын иргэн Ч нь нөхрөө үзүүлэх гэж ирсэн байна. Нэгдсэн эмнэлгийн ЭХО-д харуулах гэсэн боловч дараалал их, 3-4 хоногийн дараа харуулахаар байгаа тул мөн л хувийнхад харуулаад буцах санаатай гэнэ. Цуллаг буюу жирэмснээс бусад ЭХО-д харуулахад 15000-25000 төгрөгийн үнэтэй учраас олон хоног хүлээж цаг алдсанаас мөнгөө төлөөд үзүүлэх нь дүндээ дүн болно. Энэ мэтчилэн нэлээд олон хүнээс асуухад бүгд л цаг хугацааны хувьд яаруу давчуу ажилтайгаас болоод хувийн ЭХО-д харуулдаг хэмээсэн юм. Гэхдээ аймгийн Нэгдсэн эмнэлэг ачааллаа зохицуулах хэрэгтэй байна. Үдээс өмнө хараад үдээс хойш эмч нар нь ихэвчлэн байдаггүй гэцгээж байлаа.

Иймээс бид аймгийн Нэгдсэн эмнэлгийн эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх эмч Н.Ариунаагаас энэ талаар тодрууллаа. Н.Ариунаа эмч, “Аймгийн Нэгдсэн эмнэлгийн хэмжээнд хүлээн авах буюу яаралтай тусламжийн тасагт нэг, лабораторид хоёр, эх барих эмэгтэйчүүдийн хүлээн авах тасагт нэг, жирэмсэн эхчүүд эмэгтэйчүүдийн хэсэгт нэг, хөдөө явуулын буюу алсын дуудлагын зөөврийн нэг ЭХО гээд нийт зургаан аппарат байдаг. Эх барих эмэгтэйчүүдийн нэг ЭХО-г жирэмсэн эхчүүд болон эмэгтэйчүүдэд зориулан тусгайлан ажиллуулдаг. Жирэмсэн болон эмэгтэйчүүдийн ЭХО нь өглөө 8:30 цагаас өдөр 12:30 цаг хүртэл, үдээс хойш 13:30-аас 16:30 цаг хүртэл ажилладаг. Энд дөрвөн мэргэшсэн эмч ээлжээр ажилладаг. Бид боломж бололцооныхоо хэрээр өдөр бүр 40-50 жирэмсэн эхчүүдийг дарааллын дагуу үздэг. Манай ЭХО-ны аппарат 2013 оноос хойш тасралтгүй ажиллаж байгаа. Өдөрт тасралтгүй ажиллуулах нь аппарат гэмтэх эрсдэлд хүргэдэг тул цайны цагийг тааруулан унтрааж амраадаг. ЭХО-д эмэгтэйчүүд болон жирэмсний анхны үзлэгийг төдийлөн уддаггүй бол ургийн таван сартайн ЭХО-г багадаа 30- 40 минут хардаг юм. Өдөрт 40, 50 хүний арваад нь ургийнх байдаг гэхээр эмч нар маань асар их ачаалалтай ажилладаг. Хөдөө орон нутгийнхан хугацаагаа тулгаж ирдэг нь энэхүү ачааллыг бүр ч нэмэгдүүлдэг. Учир нь таван сартайн ЭХО-д харуулах хоног хугацааг хяналтын эмч нь байнга хэлж сануулдаг боловч манайхны хэнэггүй зан дараа нь ингэж бухимдал үүсэхэд хүргэдэг. Харьяа сум, багийн эмчээсээ ЭХО-д харуулах хоног хугацаа, дарааллаа мэдээд өөрсөддөө чирэгдэл үүсгэхгүй ирвэл хэн хэндээ амар байх боломжтой” гэсэн юм.

Мөн эмч нарын зүгээс ЭХО аппаратны тоог нэмэгдүүлж ачааллаа бууруулахын тулд тасралтгүй гарц гаргалгаа хайн хүсэлтээ яаманд уламжилдаг байна.

Холбоотой мэдээ