Багш нар хөгжим тоглож сурч байна

Орон нутагт | Увс
erdenechimeg@montsame.mn
2016-04-27 17:48:36

Увс аймгийн Улаангом сумын “Чандмань-Эрдэм” aхлах 4-р сургуулийн багш нар сурагчдынхаа хөгжмийн боловсролыг дээшлүүлэх, авъяас чадварыг нь хөгжүүлэх үүднээс БСШУЯ-наас зарласан Тэтгэлэгт хөтөлбөрт төсөл бичиж оролцоод шалгарчээ. 

Ингэснээр Сангийн яамнаас тэтгэлэг гаргаж төрөл бүрийн хөгжмийн зэмсгээр тухайн сургууль хангагдсан байна. Одоогоор тус сургуулийн багш бүр хөгжим тоглож сурснаас гадна сурагчдынхаа насны онцлогоос хамаарч даралтат хөгжим, бишгүүр, гитар, морин хуур, пеника зэрэг хөгжмийг зааж сургаж байна.

Энэ сарын 22-нд тус сургуулийн багш, ажилчид “Бидний дуулал” нэртэй тайлан тоглолтоо тавьсан бөгөөд энэхүү тоглолтыг СТА, багш Т.Алимаа найруулжээ. Тоглолтыг Чандманий 1-р багийн ард иргэд, эцэг эхчүүд болон тус сургуулийн ахмад багш нар үзэж сонирхсон аж.

Цаашдаа багш, сурагчдын хамтарсан хөгжмийн тайлан тоглолт хийхээр зэхэж байна.

Увс аймаг Б.Батхүү

 

 

 

Холбоотой мэдээ