Нийслэлийн удирдлагууд мэндчилгээ дэвшүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 107 жилийн ойн өдрийг тохиолдуулан НИТХ-ын дарга Р.Дагва, нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан нар мэндчилгээ дэвшүүлэв.
Нийслэлийн Засаг дарга мэндчилгээндээ, "Сэтгүүл зүйн салбар өнөөдөр зөвхөн мэдээлэл түгээхээр хязгаарлагдах бус, олон нийтийн сэтгэл зүйг зөв тийш удирдан чиглүүлэх үүрэгтэй гол “галын фронт” болсон байна. Хотын Захирагчийн хувьд миний бие нийслэлийн төр, захиргааны байгууллагын үйл ажиллагаа, бодлого, шийдвэрийг олон нийтэд илүү нээлттэй, ил тод байлгахыг зорин ажиллаж буйгаа энэ ташрамд Та бүхэндээ дуулгая" гэжээ.
НИТХ-ын дарга энэ өдөр өгсөн ярилцлагадаа, "Сэтгүүлчдийн боловсрол мэдлэг, ухамсар, сэтгэхүй зэргээс олон нийтийн төлөвшил, үзэл бодол, хандлага ихээхэн шалтгаалдаг. Цаашлаад улс орны хөгжлийн олон зүйлд сэтгүүлчдийн байр суурь чухал нөлөө үзүүлж ирсэн. Тиймээс сэтгүүлчдийн дуу хоолой ямагт үнэний талд байж, шударга бусыг дэлгэн тавьж, сайн сайхан бүхнийг сайшаан дэмжиж, нийгмийг соён гэгээрүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна" гэсэн юм.