Анхаарлаа сулруулалгүй, коронавирусээс сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэхийг зөвлөжээ

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2020-03-06 18:47:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Г.Занданшатар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) суурин төлөөлөгч Сергей Диордица, ХБНГУ-ын “ASB” байгууллагын төслийн зохицуулагч Флориан Хауке нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.


Ноён Сергей Диордица дэлхий дахиныг түгшээж буй "COVID-19"-ийн халдвар ахмад настан, суурь өвчтэй, дархлаа муутай хүмүүст тусах магадлал өндөр байгааг хэлээд, "Дэлхийн зарим улс оронд коронавирус дэгдэлтийн шатандаа байна. Ийм үед бүх арга, хэрэгсээ дайчилж, хатуу хязгаарлалт хийх нь зөв. Монгол Улс урьдчилан сэргийлэх хамгаалалт, хязгаарлалтын арга хэмжээг эртнээс авч, зөв ажиллаж байгаа нь сайшаалтай. Одоогоор энэхүү халдварт өвчнийг эмчлэх хэд хэдэн төрлийн эм хэрэглэж байгаа ч вакциныг гаргаж авч чадаагүй байна. Судлаач, мэргэжилтнүүд вакциныг 2021 онд л гаргаж авах байх гэж таамаглаж байгаа. Тиймээс анхаарлаа сулруулалгүй, сэргийлэх, хамгаалах арга хэмжээг үргэлжлүүлэн сайн хэрэгжүүлэх хэрэгтэй" хэмээн зөвлөв.


ХБНГУ-ын ASB байгууллагын баг ДЭМБ-ын уриалгаар Монгол Улсад мэргэжлийн тусламж, зөвлөгөө өгөхөөр 6 хүний бүрэлдэхүүнтэй ирсэн аж. Ноён Флориан Хауке дэлхийн стандартын зөвлөгөөг Монголын иргэд, мэргэжлийн байгууллагуудад өгч байгаа талаар танилцуулав. Эдний багийн мэргэжилтнүүд энэ сарын 12 хүртэл ажиллах бөгөөд Улаанбаатар хотоос гадна аймаг, сумдад очиж мэргэжлийн зөвлөгөө өгөхөөр төлөвлөж байгаа аж.


УИХ-ын дарга Г.Занданшатар вирусний халдварын аюул түгшээсэн амаргүй цаг үед бидэнтэй хамт байж, сэргийлэх, хамгаалахад анхаарч буй ДЭМБ болон ХБНГУ-ын ASB байгууллагын мэргэжилтнүүдэд талархал илэрхийлэв. Тэрбээр ДЭМБ, ASB байгууллагын Монгол Улсад хэрэгжүүлж буй ажлыг УИХ дэмжих болно гэв.  

Холбоотой мэдээ