Ираны дипломатч коронавирусний халдварын улмаас нас баржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2020-03-06 13:43:28

ТЕХРАН. /Sputnik/. Ираны дипломатч Хоссейн Шейхолеслам “COVID-19” халдварын улмаас нас барлаа гэж тус улсын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд пүрэв гарагт мэдээлсэн байна.


Гадаад хэргийн сайдын зөвлөхөөр ажиллаж байсан Х.Шейхолесламаас коронавирусний халдвар илэрсний дараа тэрбээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байжээ. Түүнийг Техран хотын эмнэлэгт нас барсан талаар “Tasnim”, "Fars" агентлаг мэдээлжээ.


Хятадад өнгөрсөн оны сүүлээр дэгдсэн шинэ коронавирусний халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн орнуудын нэг нь Иран бөгөөд тус улсад өнөө өглөөний байдлаар халдвар авсан хүний тоо 3500 давж, 108 хүн нас барсан байна.


Иранд халдварын тархалтыг хязгаарлах үүднээс бүх сургуулийн сургалтыг энэ сарын 20 хүртэл түр зогсоожээ. Ираны Ерөнхийлөгч Хасан Руханигийн мэдэгдсэнээр, халдварын тохиолдол Ираны бараг бүх бүс нутагт бүртгэгджээ. 

Холбоотой мэдээ