Хятадад коронавирус халдварласан 119 шинэ тохиолдол бүртгэгджээ

Хилийн чанадаас
ankhbayar.abr@yahoo.com
2020-03-04 12:07:20

Бээжин /МОНЦАМЭ/. Энэ сарын 3-ны өдрийн 0-24.00 цагийн байдлаар Хятадын эх газарт шинээр коронавирусний халдвар авсан 119, нас барсан 38 тохиолдол бүртгэгджээ.

Шинээр халдвар авагсдын 115 нь, нас барагсдын 37 нь уг вирусний голомт болоод буй Хубэй мужид бүртгэгдсэн бол нас барсан нэг хүн нь Өвөр Монголын өөртөө засах орных юм байна.

Өчигдрийн байдлаар Хубэй мужид 115 шинэ тохиолдол бүртгэгдсэн бол 2 389 хүн өвчин нь бүрэн эмчлэгдэж эмнэлгээс гарчээ. Ийнхүү тус мужид нийт халдвар авагсдын тоо 25 905 байгаа бол үүнээс 6 232 хүний биеийн байдал хүнд байгаа талаар Хятадын Үндэсний Эрүүл мэндийн хорооны албан ёсны сайтад мэдээлсэн байна.

Харин Хятад улсын хувьд, одоогоор халдвар авсан нь тогтоогдсон 27 433 тохиолдол байгаагийн 6 416 хүний биеийн байдал хүнд байна.

Өнгөрсөн хугацаанд Хятадын эх газарт нийт 80 270 хүн коронавирусний халдвар авч, 2 981 хүн нас барж, 49 856 хүн бүрэн эдгэрч эмнэлгээс гарчээ.

Мөн Хонконг, Макао, Тайваньд нийт 152 тохиолдол буюу Хонконгод 100 /эдгэрсэн 37, нас барсан 2/, Макаод 10 /эдгэрсэн 9/, Тайваньд 42 /эдгэрсэн 12, нас барсан 1/ тохиолдол тус тус бүртгэгдээд байна.

Холбоотой мэдээ