Амралтын өдрүүдэд цаг агаар тогтуун байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНУлаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газар мэдээлэв.
Энэ сарын 23-27-ныг хүртэлх цаг агаарын
урьдчилсан төлөв танилцуулж байна. Энэ сарын 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд
хэсгээр ялимгүй цас, 24-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 25-нд
баруун болон говийн аймгуудын
нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 26-нд төвийн аймгуудын
ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 23, 26-нд зарим газраар,
24-нд говь талын нутгаар, 25-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 13-15 метр хүрч
ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр
шөнөдөө 31-36 градус, өдөртөө 19-24 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг
нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз,
Халх голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-15 градус, говийн бүс
нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3
градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн
байна.