Монголын хөлбөмбөгчид Катарт 14 хоногийн бэлтгэл хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-02-20 10:00:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ДАШТ-ний урьдчилсан шатны Тажикистан болон Японы шигшээ багтай хийх тоглолтын өмнө Монголын үндэсний шигшээ баг Катар улсад 14 хоног бэлтгэл хийхээр болов. Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/ Катарын хөлбөмбөгийн холбоо /КХБХ/-той 2018 онд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан юм.


Африкийн супер цомын тэмцээнд МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар Азийн хөлбөмбөгийн холбоо /АХБХ/-ны дэд ерөнхийлөгчийн хувиар уригдаж, энэ үеэр КХБХ-той дээрх хамтын ажиллагааны санамж бичгийг дүгнэн ярилцаж цаашид хийх ажлаа ярилцан тохиролцов.


Монголын талын хүсэлтээр шигшээ багийг Катарт бэлтгэл хийх үеэр МХБХ-ны маркетингийн баг КХБХ-нд дадлага хийж, Монголын спортын сэтгүүлчдийн төлөөлөл ДАШТ-ний бэлтгэл ажилтай танилцах, сурвалжлах боломж бүрджээ. Мөн Катарын "Жосур" хөлбөмбөгийн академиас Монголын хөлбөмбөгийн "Элит" академитай хамтран туршлага судлах, сургалт зохион байгуулах зэргээр хоёр улсын холбоод 2020 онд олон ажил хамтарч хийх аж.


Тус хамтын ажиллагааны хүрээнд 2018 онд үндэсний шигшээ баг болон "Эрчим" багийн хамгаалагч Г.Төгөлдөрийн өвдөгний гэмтлийг КХБХ бүх зардлыг гаргаж дэлхийн шилдэг спортын эмнэлгүүдийн нэг “Аспитар”-т эмчлүүлж, хагалгаа амжилттай болсноор өнөөдөр тэр ногоон талбайдаа дахин тоглож байна.

Холбоотой мэдээ