Д.Цогтбаатар: Монгол Улсын экспорт 7.6 тэрбум ам.долларт хүрсэн

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2020-02-19 20:14:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Гадаад харилцааны яамны 2019 оны тайланг сонслоо.


Гадаад харилцааны яам 2019 онд улс орны аюулгүй байдал, үндэсний хөгжилд таатай гадаад орчныг бүрдүүлэх, улс орны эдийн засгийг сэргээн сайжруулах, хөрөнгө оруулалтыг нэмэх, хилийн чанадад Монгол Улсын иргэд, хуулийн этгээдийн эрх ашгийг хамгаалах, улс орноо сурталчлан таниулах ажлыг идэвхтэй хэрэгжүүлэн ажилласныг Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатар танилцуулав. Монгол Улсын гадаад худалдааны эргэлт 2018 онд 12.9 тэрбум ам.доллар, түүний дотор манай экспорт 7 тэрбум ам.долларт хүрсэн. 2019 онд энэхүү үзүүлэлтийг ахиулж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 13,7 тэрбум ам.доллар, түүний дотор экспорт 7.6 тэрбум ам.доллар болсон нь түүхэн дээд амжилт болсон байна.


ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин 2019 онд Монгол Улсад албан ёсоор айлчилж, “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ-н гэрээ”-г хугацаагүйгээр байгуулсан. Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-д албан ёсоор айлчилж, ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутгаар дайруулан өнгөрүүлэх, Монгол Улс болон ЕАЭЗХ-ны хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг хамтран судлах тохиролцоонд хүрчээ. Улмаар Монгол, Оросын “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дүрмийн санг нэмэх болсон юм. Мөн онд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д төрийн айлчлал хийв. Монгол Улс, БНХАУ-ын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг жилийн туршид өргөн хүрээнд тэмдэглэн, Монгол Улсын Засгийн газрын “Бүс ба Зам-зорчих нөхцөлийг хөнгөвчлөх” тухай санаачилгыг БНХАУ-ын Засгийн газар дэмжиж, агаарын 12 боомт, хуурай замын 6 боомтдоо тусгай гарцыг нээн ажиллуулах болжээ. Түүнчлэн тухайн онд Монгол, Америкийн стратегийн түншлэлийг тунхагласан нь АНУ-тай бүх талын харилцааг өргөжүүлж, Монгол Улсын гуравдагч хөршийн бодлогыг бататгах, үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэхэд чухал алхам болсныг Д.Цогтбаатар сайд мэдээлэлдээ онцлов.


Тэрбээр, "Манай улс 2019 онд олон талт 5 гэрээнд нэгдэн орсон бол Засгийн газар хоорондын 45 гэрээ байгуулж, өмнө нь байгуулсан 5 гэрээг хүчин төгөлдөр болгосон. Төрийн өндөр албан тушаалтнуудын гадаад улсад хийсэн 27 айлчлал, Монгол Улсад айлчилсан гадаад улсын дээд болон өндөр түвшний төлөөлөгчдийн 16 айлчлалыг зохион байгууллаа. Монгол Улс ФАТФ-ын “саарал жагсаалт”-ад орсонтой холбогдуулан мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр НҮБ, ФАТФ болон бусад олон улсын байгууллагаас гаргасан зөвлөмж, гарын авлага зэргийг нэгтгэн эмхэтгэл гаргах, бусад улс, олон улсын байгууллагатай хамтран сургалт, семинар зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Монгол Улсын нэр хүндийг олон улсад унагаж буй тамхи, хар тамхи болон хууль бус дамын наймаанд хилийн чанад дахь Дипломат төлөөлөгчийн газрын албан хаагчид нэр холбогдож буй хэрэг, зөрчилтэй хатуу тэмцэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх хүрээнд зохих арга хэмжээг авч ажиллана" гэлээ.

Холбоотой мэдээ