Тангарагтны шүүгч нар Харви Вайнштейний хэргийг хэлэлцэж эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2020-02-19 10:54:51

НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ-ын Нью-Йорк хотын Манхэттен дүүргийн Тангарагтны шүүх бэлгийн хүчирхийлэл, хүчингийн хэрэгт буруутгагдсан продюсер Харви Вайнштейний хэргийг мягмар гаргаас хэлэлцэж эхлэв.


Шүүгчдийн бүрэлдэхүүнд долоон эрэгтэй, таван эмэгтэй орсон байна. “The New York Times” сонинд мэдээлснээр, хэлэлцүүлгийн үеэр тэд шүүгч Жеймс Беркээс Вайнштейний эсрэг үүсгэсэн хэргийн талаар тодруулга хүсжээ.


Тангарагтны шүүхийн шийдвэр гарах хүртэл хэвлэлийнхэнтэй ямар нэгэн байдлаар холбоо тогтоохыг шүүгч мягмар гарагт продюсерын өмгөөлөгчдөд хориглосон гэж тус хэвлэлд тэмдэглэсэн байна. Үүний шалтгаан нь Вайнштейний өмгөөлөгч Донна Ротунно “Newsweek” сэтгүүлд өөрийн үйлчлүүлэгчийг дэмжсэн тайлбар нийтлүүлсэнтэй холбоотой байна. Тэрбээр нийтлэлдээ Вайнштейний бэлгийн дарамтын талаар дурдсан олон нийтлэлд тангарагтны шүүгчид анхаарлаа хандуулах хэрэггүй гэж онцлон тэмдэглэсэн аж.


Вайнштейнийг урьд нь түүнтэй хамтран ажиллаж байсан хоёр эмэгтэйн мэдүүлэгт үндэслэн, хоёр зүйл ангиар хүчингийн хэрэгт, мөн хоёр зүйл ангиар бэлгийн шинж чанартай хүчирхийлэл үйлдсэн гэж буруутгажээ. Мөн түүнтэй хамтран ажиллаж байсан бусад эмэгтэй өнгөрсөн онд болсон шүүх хуралд үг хэлэхдээ Вайнштейнийг хүчирхийлсэн гэж мэдэгдсэн байна. Хэрэв продюсер гэм буруутай нь тогтоогдвол амьдралынхаа үлдсэн хугацааг шоронд өнгөрөөж магадгүй.


2017 оны 10 дугаар сард “The New York Times” сонинд Вайнштейнийг олон эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлсэн гэж буруутгасан материал нийтлэгдсэн байна. Уг хэвлэлд бичсэнээр, продюсер 30 жилийн турш залуу жүжигчид болон компанийнхаа ажилтнуудтай дотно харилцаанд орж, үүнийх нь төлөө карьерыг нь ахиулна гэж амлаж байжээ. Үүнээс хойш Анжелина Жоли, Гвинет Пэлтроу, Салма Хайек зэрэг 80 гаруй эмэгтэй жүжигчин Вайнштейний хүчирхийлэлд өртөж байснаа мэдэгдсэн байна. Харин Вайнштейн буруугүй гэдгээ мэдэгджээ.


 


Холбоотой мэдээ