Барилгын ажлын 93 хувийг дотоодын компаниуд гүйцэтгэжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-02-18 17:37:06
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Барилга угсралт, их засварын ажил 2019 оны урьдчилсан гүйцэтгэлээр 4.7 их наяд төгрөгт хүрчээ. Үүнээс 4.5 (93.7%) их наяд төгрөгийн ажлыг дотоодын компаниуд, 297.2 (6.3%) тэрбум төгрөгийн ажлыг гадаадын компаниуд гүйцэтгэсэн байна. 


Барилга угсралт, их засварын ажил өмнөх оныхоос 441.9 (10.3%) тэрбум төгрөгөөр өсөхөд, гадаадын барилгын байгууллагын гүйцэтгэсэн ажлын хэмжээ 337.3(53.2%) тэрбум төгрөгөөр буурсан ч дотоодын барилгын байгууллагын гүйцэтгэсэн ажил 779.2 (21.2%) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлөв.


Орон сууцны бус барилга нийт барилга угсралт, их засварын ажлын 47.2 хувийг эзэлж байгаа бөгөөд 2019 онд 2.2 их наяд төгрөгт хүрч, өмнөх оныхоос 737.1 (49.0%) тэрбум төгрөгөөр өссөн байна. Үүнд, үйлдвэрийн барилга 433.6 (60.1%) тэрбум төгрөгөөр, эмнэлгийн барилга 14.7 (14.6%) тэрбум төгрөгөөр, сургууль, соёлын барилга 264.9 (2.1 дахин) тэрбум төгрөгөөр, бусад төрлийн барилга 100.3 (45.7%) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн байна.


Б.Содгэрэл


Холбоотой мэдээ