Ч.Сундуйжав: Бүтээн байгуулалт өрнөж, ажлын байр нэмэгдсэн, үр өгөөж ихтэй он жилүүд байлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-02-23 00:25:08

Увс /МОНЦАМЭ/. Наранбулаг сумын Засаг дарга Чулуудайн Сундуйжавтай ярилцлаа. Түүний хувьд 2004-2012 онд сумын ИТХ-ын даргаар ажиллаж байсан  төрийн ажлын дадлага туршлагатай. 

-Сар шинийн мэнд хүргэе. Танай суманд хаваржилт ямархуу болох төлөвтэй байна?

-Нийт Монголчууддаа болон Наранбулагийнхандаа сар шинийн мэнд хүргэе. Энэ жил сайхан өвөл боллоо. Хавар бас сайхан болох төлөвтэй байна.

Манай сум 2019 оны жилийн эцсийн мал тооллогоор 233,5 мянган толгой мал тоолуулж, аймгийн хэмжээнд малын тоогоороо Тэс сумын дараа орсон. Сумын хэмжээнд 674 малчин өрх байгаа бөгөөд тэд тэмээ 2884, адуу 5717, үхэр 6581, бог мал 215273 толгойг тоолуулсан.

Өндөрхангай сумын нутагт нэг өрхийн 950 мал, Өлгий сумын нутагт зургаан өрхийн 3719 мал өвөлжиж байна. Улаан-Үзүүр багийн нутагт 67045 мал өвөлжиж байгаа бөгөөд тус багт Алдар, Хужирт багийн 24 өрхийн 12,3 мянган мал өвөлжиж байна.

Одоогоор сумын хэмжээнд малын хорогдол гараагүй, бэлчээр өвс хүртээмжтэй. Говь хэсэгтээ цасны зузаан 3-5 см, хангай талдаа буюу Шилд 37 см, жалга болон хунгарласан газраа 50 см цастай. Ойрын өдрүүдэд шөнөдөө 26,5 хэм, өдөртөө 23 хэм хүйтэн байх төлөвтэй.

Коронавирусний халдвар хэмээх аймшигт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэн, сумын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байна.

-Та олон жил сумандаа удирдах алба хашсан. Сумандаа ямар бүтээн байгуулалт өрнүүлж байна вэ?

-Манай сум 2002 онд цахилгаан эрчим хүчинд холбогдсоноор дэд бүтэц сайжирч, цаашид хөгжилд хүрэх үүд хаалга нээгдсэн.

Миний хувьд хамгийн их бахархдаг, хойч үедээ үлдээсэн үнэтэй зүйл гэвэл 2004-2012 онд сумын ИТХ-ын даргаар ажиллаж байхдаа Увс-Улаанбаатар чиглэлийн хэвтээ тэнхлэгийн олон улсын замыг эхлэх, улмаар өөрийн сумаараа дайран өнгөрөх шийдвэрийг гаргуулж чадсан явдал.

Ингэснээр Наранбулаг сум маань Увс аймгийн сумдаас ганцаараа олон улсын болон улсын чанартай аво замд холбогдсон.

Манай суманд 2008 онд хүн эмнэлэг, 2009 онд цэцэрлэг, 2010 онд сургуулийн өргөтгөл, 2011 онд Засаг даргын Тамгын газар, 2012-2013 онд Соёлын төв  шинээр баригдан ашиглалтад орсноор сум орон нутгийн хөгжил дэвшилд  ахиц гарсан он жилүүд байлаа.

2016-2020 онд манай суманд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд цөөнгүй өрнөлөө. Зарим томоохон ажлуудыг  он дамжуулан гүйцэтгэж байна. Тухайлбал, улсын төсвийн 3,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 640 хүүхдийн суудалтай, дөрвөн давхар сургуулийн барилгын ажлыг манай аймгийн “Ундарга констракшн” компани гүйцэтгэж байна. Өнгөрсөн жилээс эхлэн баригдаж байгаа бүтээн байгуулалтын ажилд сумын 50 гаруй залуу гар бие оролцож, ажлын байраар хангагдлаа.

Улсын төсвийн 6.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Улаангом-Наранбулаг чиглэлийн 35 квт-ын ЦДАШ-ын ажлын гүйцэтгэл энэ онд үргэлжилж байна. Сумын төвийн 0,4 квт-ын ЦДАШ-ын дэд станцын өргөтгөл шинэчлэлийн ажил улсын төсвийн 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2020 онд эхэлнэ.

2017 онд улсын төсвийн 137 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар сумын төвийн төсөвт байгууллагуудыг халаалтын төвлөрсөн шугамд холбосон. Улсын төсвийн 40 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар ланд 105 маркын авто машиныг 2018 онд “Цоббу-Аскиз” компани ЗДТГ-т нийлүүлсэн. Мөн орон нутгийн төсвийн хөрөнгөөр дөрвөн багийн Засаг даргыг мотоциклиор хангаад байна.

-Танай сумын урд хэсэг говирхуу тул худаг, уст цэгийн хүрэлцээ хангамж муутай байсан. Усжуулах ажлыг хангалттай хийсэн үү?

-Худаг, уст цэгүүдийн хүрэлцээ хангамжийг сайжруулах чиглэлээр өнгөрсөн 4 жилд хангалттай ажил хийсэн. Улаан-Үзүүр болон Оонын худгийг тухайн багийн иргэдийн тусламжтайгаар засварласан. Сумын төвийн хорооллын эхний худгийг засварлаж ашиглалтад орууллаа.

2018 онд Улаан-Үзүүр багийн Гахай, Нүүвээ, Татаалын худгийн модыг Засаг даргын нөөцөөс шийдвэрлэж малчдын хүчээр засварласан. Тэрчлэн улсын төсвийн хөрөнгөөр Улаан-Үзүүр багийн нутаг Шар толгой суу хэмээх газарт, мөн тус суманд үйл ажиллагаа явуулдаг “Эй Эл Жи Ти” компанийн дэмжлэгтэйгээр Алдар багийн нутаг Битүү эрэгт тус тус гүн өрмийн худаг гаргасан.

   ОНХС-гийн 2.6 сая төгрөгөөр Алдар багийн Төгрөгийн булагийг, Адуунчулууны худгийг 1.5 сая төгрөгөөр тус тус засварлаж тохижуулсан. Улаан-Үзүүр багт Чулуутын булангийн Энгийн уурхайн гар худгийг малчдын өөрсдийн хөрөнгө 300 мянган төгрөгөөр, БОАЖЯ-ны хөрөнгө оруулалт 10 сая төгрөгөөр Харсайгийн хөтөний худгийг тус тус засварласан.

Үүнээс гадна Хужирт багийн иргэдийн санаачилгаар Цахир хошууны худгийг 200 мянган төгрөгөөр засварласан. ОНХС-гийн 20,7 сая төгрөгийн санхүүжилтээр хөдөөгийн 3 багт мал угаалгын ванн барьсан.

Ванныг Хужирт багийн малын эмч Ч.Баярцэцэг, Алдар багийн иргэн Д.Азбадрах, Улаан-Үзүүр багийн малын эмч Д.Гантулга нар цаг хугацаанд нь барьж ашиглалтад оруулсан. Мөн ХХААХҮЯ-ны хөрөнгө оруулалтаар 13,6 сая төгрөгийн үнэ бүхий зөөврийн мал угаалгын ванн авсан.

2019 онд Алдар багийн Төгрөгийн булагийн эхийг 1,5 сая төгрөгөөр малчин О.Нямсүрэн ахлагчтай баг хийж гүйцэтгэлээ. Тэрчлэн “Баялаг говь” компани 10 сая төгрөгийн өртөгөөр төвийн худгийн ухаалаг төхөөрөмжийг суурилуулан хүлээлгэж өгсөн.

Мөн худгийн дулаалга, дээвэр болон шаардлагатай засварыг усны төлбөрийн зардлаас санхүүжүүлэн засварласан.

-Танай суманд ЖДҮ-ийг хөгжүүлэх чиглэлээр ямар чиглэлээр төсөл шалгаруулж санхүүжилт олгосон бэ?

-Сум хөгжүүлэх сангаас М.Батбаатарын “Ингэний ферм” байгуулах төслийг дэмжиж, 15 сая төгрөгийн зээл олгосон бөгөөд одоо үйл ажиллагаа нь жигдэрсэн. Аймгийн ОНХС-гийн хөрөнгө 10 сая төгрөгөөр “Баян нутаг алдар” хоршоо хуучин халуун усны байрыг засварлаж, үйл ажиллагаа явуулах нөхцлийг бүрдүүлсэн. 2018 онд У.Батчулууны арьс, нэхий боловсруулах үйлдвэрийг дэмжиж 15 сая төгрөг, Э.Батболдын арьсны үйлдвэрийг дэмжиж 13 сая, Н.Сүхбаатарын махны үйлдвэрийг дэмжиж 10 сая төгрөгийн санхүүжилт тус тус олгосон.

   2017 онд баялаг бүтээгч, үйлдвэрлэгч, хувийн хэвшлийг дэмжиж 11 үйлдвэрлэл эрхлэгчдэд 110 сая, 2018 онд 8 үйлдвэрлэл эрхлэгчдэд 62 сая, 2019 онд 8 үйлдвэрлэл эрхлэгчдэд 90 сая төгрөгийг тус тус Сум хөгжүүлэх сангаас  олгож дэмжлэг үзүүлсэн.

 ОНХС-гийн хөрөнгөөр Улаан-Үзүүр багт гэр, хөдөөгийн 3 багт нүүдлийн асрыг Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн “Урам ундар” компани хүлээлгэн өгсөн. Харганат дахь “Эй эл жи ти” ХХК-тай 2019 онд хамтран ажиллах гэрээ байгуулан Алдар багийн конторыг Улаан ташууд 25 сая төгрөгийн өртөгтэйгөөр /8х12 хэмжээтэй хурлын заал, 8х4 хэмжээтэй эмч, даргын өрөө/ модон торхон барилгыг хашаа, сүүдрэвч, ноолийн хамт барьж хүлээлгэн өгсөн.

-Өнгөрсөн 4 жилд нийтийг хамарсан ямар томоохон ажил сумандаа хийв?

-Монгол Улсын заан С.Сүхбаатарын гэрэлт хөшөөг босгох, сумын төвд Спорт цогцолбор буюу наадмын талбай байгуулж, тохижуулах ажлыг 2017 онд иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын хандив дэмжлэгээр хийсэн. С.Сүхбаатар зааны хөшөөг уран барималч А.Ихбанди бүтээсэн байгаа.

2019 онд сумын малчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг зургадугаар сард Жисийн даланд зохион байгуулж, 300 гаруй эмэгтэйг оролцуулсан. Энэ үеэр орон нутгийн "МВС" телевизээр нэвтрүүлэг хийлгэсэн.

Сумынхаа тэргүүний малчдын аяллыг Улаанбаатар хотын чиглэлд 2019 оны долдугаар сарын 3-наас 15-нд зохион байгуулахад 46 малчин оролцсон. Энэ үеэр улсын наадам үзэх, Жаргалант суманд болсон нутгийн иргэдийн уулзалтад оролцох, Төрийн ордон, Сангийн яам, Эрдэнэсийн сангаар зочлох, "ТЭСО" корпорацийн үйлдвэрүүдтэй танилцах, Цонжин болдог, Аглаг бүтээлийн хийдийг үзэх гэх мэт олон арга хэмжээнд малчдыг хамруулсан.

-Сүүлчийн хоромыг танд үлдээе?

-Коронавирусний халдвар хэмээх аюултай өвчин гарсан энэ хүнд цаг үед Наранбулагчууд маань өөртөө болон гэр бүлийнхээ гишүүдийн эрүүл мэндэд анхаарал халамж тавьж, хариуцлагатай байх хэрэгтэй. Малчид маань хаваржаа руугаа нүүдэл суудал хийхдээ цаг агаарын нөхцөл байдлыг сайтар ажиглах нь зүйн хэрэг.

   Энэ жил малчдынхаа нөр их хөдөлмөр, зүтгэлийг үнэлсэн жил болох бөгөөд зуны сайхан дэлгэр цагт нийт Наранбулагчуудтайгаа “Хоёр буман богийн баяр”-ыг тэмдэглэх бодолтой байна.

 “Увсын өнгө” сониноор дамжуулан манай суманд 2016-2019 онд хисэн гол ажлууд, 2020 онд хийх ажил, зорилго зорилтоо та бүхэнд хүргэж байна. Иймд Наранбулагчууд та бүхэн сонины мэдээлэлтэй танилцаад бид бүхэнтэй эргэх холбоотой байж, үнэтэй санал зөвлөмжөө ирүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Та бүхэндээ аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

-Танд баярлалаа.

     

Холбоотой мэдээ