Гашуунсухайтын авто замд коронавирусээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байна

Монголын мэдээ | Эдийн Засаг
nandintsetseg@montsame.gov.mn
2020-02-18 08:52:03
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Эрдэнэс Монгол” компани, түүний охин компани “Гашуунсухайт авто зам” ХХК-иас Тавантолгойгоос Цагаанхад хүртэлх нүүрс тээврийн жолооч болон ажилтнуудын эрүүл мэндэд хяналт тавьж, урьдчилан сэргийлэх шат дараалсан арга хэмжээ авч байна.


Өнөөдрийн байдлаар уртын тээвэр буюу Тавантолгойгоос Цагаан хад хүртэлх чиглэлд 1800 орчим жолооч нүүрс тээвэр хийж байгаа юм. Компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд жолооч нарт амны хаалт, гар ариутгагч шингэн, резинэн бээлий үнэгүй тараан, эмч мэргэжилтнүүд халдвараас урьдчилан сэргийлэх анхан шатны зөвлөгөө өгч байгаа аж. Энэ нь зөвхөн нэг удаагийн арга хэмжээ бус, тодорхой хугацаанд тогтмол зохион байгуулахаар төлөвлөжээ. Мөн “Шуурхай зарлан мэдээлэх хэсэг” байгуулж, цаг тутам иргэдийг мэдээллээр хангаж эхэлсэн байна. Гашуунсухайт боомтоос 120 км зайд БНХАУ-ын Халиут хотод короновирусний халдвар илэрсэнтэй холбогдуулан цаг үеийн нөхцөл байдлын мэдээллийг тогтмол шуурхай авч, холбогдох байгууллага, албан тушаалтанд мэдээлэх зорилгоор тус хэсгийг байгуулан ажиллаж эхэлжээ.


Холбоотой мэдээ