ЕХ нийгмийн сүлжээнүүдийн эсрэг хязгаарлалтын арга хэмжээ авч магадгүй

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2020-02-18 08:44:50

БРЮССЕЛЬ. /TASS/. Үзэн ядалтыг дэврээсэн хуурамч мэдээллүүд, Европын ардчилалд учруулах бусад аюул заналхийллийг арилгах зорилгоор тавих хяналт, аливаа контентод шүүлтүүр хийхээс татгалзаж буй нийгмийн сүлжээ, харилцаа холбооны бусад платмормын эсрэг Европын Холбоо хязгаарлалтын арга хэмжээ авч магадгүй байна. Энэ тухай Аж үйлдвэрийн асуудал хариуцсан Европын комиссар Тьерри Бретон “Facebook” компанийн тэргүүн Марк Цукербергтэй Брюссель хотод хийсэн уулзалтын дүнд мэдэгджээ.


“Нийгмийн сүлжээнүүд, тухайлбал, “Facebook” хэрэглэгчдийн өмнө болон ардчиллын өмнө хариуцлага хүлээх ёстой. Бүх агуулгад нь бүрэн хяналт тавих боломжийг бүрдүүлэх үйл хэрэгт нухацтай хандах шаардлагатайг бид олон удаа дурдсан. Европын зах зээлд үйл ажиллагаагаа явуулж буй нийгмийн сүлжээнүүд эрх мэдлээ урвуулан ашиглах үедээ тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлж эхлэхгүй бол бид илүү хатуу арга хэмжээ авахаас аргагүйд хүрэх болно” хэмээн тэрбээр ярьжээ.


Түүнчлэн тэрбээр М.Цукербергтай хийсэн яриа хэлэлцээ нь нааштай байсныг онцлон тэмдэглэхийн сацуу Европын комиссын өгч буй дохиог үнэн зөвөөр хүлээн авсан гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлсэн байна. 

Холбоотой мэдээ