Сагсан бөмбөгийн алдрын танхимд мөнхлөхөөр шигшигдсэн тамирчдыг нэрлэжээ

Дэлхийд | Спорт
khulan@montsame.gov.mn
2020-02-17 13:57:41

ВАШИНГТОН. /ESPN/. Сагсан бөмбөгийн алдрын танхимд энэ онд мөнхлөхөөр шигшигдсэн тамирчдын дунд Лос-Анжелес Лейкерс багийн домогт тамирчин Коби Брайант тэргүүтэй сагсанбөмбөгчид багтжээ. Тэрбээр өнгөрсөн нэгдүгээр сард нисдэг тэрэгний ослын улмаас амиа алдсан юм.


Үндэсний сагсан бөмбөгийн холбооны /NBA/ таван удаагийн аварга,  Олимпын хошой аварга, бүх оддын тэмцээнд 18 удаа оролцсон К.Брайант Лейкерс багийн олон амжилтыг эзэмшдэг бөгөөд үүнд хамгийн олон тоглолтод оролцсон, олон оноо авсан, олон удаа бөмбөг тасалсан зэрэг багтдаг юм.


“К.Брайант цаг бусаар амиа алдсан явдал биднийг асар их уй гашууд автуулсан бөгөөд түүний дурсгалыг хүндэтгэхийн тулд нэрийг нь алдрын танхимд мөнхөлнө" гэж “Алдрын танхим”-ын тэргүүн Жерри Коланжело мэдэгджээ.


Мөн алдрын танхимд мөнхлөхөөр шигшигдэн үлдсэн тамирчдад бүх оддын тоглолтод 15 удаа оролцсон, плей-оффын шувтаргын тоглолтын хамгийн үнэ цэнтэй тоглогчоор гурван удаа тодорсон Тим Дункан, бүх оддын тоглолтод 15 удаа оролцсон Кевин Гарнетт, Олимпын дөрвөн алтан медальт Тамика Кетчингс нар багтсан байна.


2020 онд алдрын танхимд мөнхлөх тамирчдын нэрсийг ирэх дөрөвдүгээр сарын 4-нд олон нийтэд албан ёсоор танилцуулах бөгөөд ёслолын үйл ажиллагаа наймдугаар сарын 28-30-нд болно. 

Холбоотой мэдээ