НҮБ-ын Хүн амын сангаас ариун цэвэр, эрүүл ахуйн багцыг хүлээлгэж өгөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-02-17 13:25:14

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Каори Ишикава энэ сарын 14-нд Баян-Өлгий аймагт ажиллав.

Тэрээр аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, Засаг дарга А.Гылымхан болон холбогдох хэлтэс, агентлагийн дарга нартай уулзсанаас гадна Баян-Өлгий аймагт гамшгийн бэлэн байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх зорилгоор эмэгтэйчүүдэд зориулсан ариун цэвэр, эрүүл ахуйн 100 багцыг аймгийн Онцгой байдлын газарт хүлээлгэн өгөв.

Мөн Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хүн амын сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа “Монгол Улсад Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь” төслийн дэмжлэгээр Өлгий хотод байгуулсан хүчирхийллийн хохирогчдод үйлчилгээ үзүүлэх “Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийн үйл ажиллагаатай танилцсан юм.

Хүчирхийллийн хохирогчдод үйлчилгээ үзүүлэх “Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийг 2018 оны 10 дугаар сард орон нутгийн төсвийн 100 сая төгрөг, “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь” төслийн 130 орчим сая төгрөгийн санхүүжилтээр байгуулсан.

Тус төв нь жендэрт суурилсан хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод сэтгэл зүй, хууль зүйн зөвлөгөө, эрүүл мэнд, хамгааллын үйлчилгээ үзүүлдэг бөгөөд 2019 онд нийт 47 хүн, 2020 оны эхний 2 сард 17 хүн үйлчилгээ авсан байна. 

Холбоотой мэдээ