Урт цагааны үйл ажиллагааг зогсоох саналыг Нийслэлийн Засаг даргад өргөн барина

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-02-15 11:05:47
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын тэргүүлэгч, нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга Ш.Үнэнбат ашиглалтын шаардлага хангахаа болиод удсан Нийслэлийн өмчийн III байр буюу “Урт цагаан” үйлчилгээний төвийн үйл ажиллагааг зогсоох тухай саналаа нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдэд болон холбогдох албаны хүмүүст өргөн барина гэдгээ мягмар гарагт мэдэгдсэн.



Тус барилга 1958 онд баригдсанаасаа хойш нэг ч удаа их засвар үйлчилгээнд оролгүй өнөөдрийг хүрсэн бөгөөд Урт цагааны үйл ажиллагааг нь зогсоох нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын удаа дараагийн дүгнэлт гарсан гэдгийг албаныхан хэлсэн.


Урт цагаан үйлчилгээний төв галын эрсдэл өндөр, газар хөдлөлтийн чичирхийлэл даах чадваргүй, Улаанбаатар хотын хамгийн эрсдэлтэй обьектын нэгээр жил болгон тодорхойлогддог.


Уг барилгыг 30 иргэн, аж ахуйн нэгж нийслэлтэй гэрээ байгуулан түрээсэлдэг ч, тэдгээр түрээслэгчид цааш нь 200 гаруй иргэн, аж ахуйн нэгжид өөрсдийн талбайгаа дам түрээсэлдэг аж.


2020 онд болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, түрээсийн гэрээг сунгахгүй байх, түрээслэгч нартай төлбөр тооцоо нийлж баталгаажуулах, шүүхийн маргаантай асуудлыг шийдвэрлүүлэх, Жуулчны гудамжны шаардлагад нийцүүлэх, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан хуучин барилгын концесс, Төр хувийн хэвшлийн түншлэл эсхүл хөрөнгө оруулалтын бусад хэлбэрээр шинэчлэн байгуулах нь зүйтэй гэж үзэн “Урт цагаан”-ы гудамжны үйл ажиллагааг зогсоох саналыг холбогдох албаныханд хүргүүлж байгаа юм.




Холбоотой мэдээ