БНХАУ-тай хиллэдэг төмөр зам болон агаарын замын боомтыг хаав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-02-13 17:03:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар Монгол, БНХАУ-ын төмөр зам, агаарын замын боомтоор нэвтрэх болон гарах хөдөлгөөнийг бүрэн хаахаар шийдвэрлэв.


Ингэснээр маргааш буюу энэ сарын 14-нөөс эхлэн БНХАУ руу үйлдэх бүх нислэг, галт тэргийг зогсоож, Хятад болон тус улсаар дамжин ирж буй бусад орны иргэд Монгол Улсад нэвтрэхгүй, монголчууд тус улс руу зорчих боломжгүй болж байгааг Хил хамгаалах ерөнхий газар (ХХЕГ)-ын дарга, бригадын генерал Ж.Бямбасүрэн мэдээлэв.


Зөвхөн иргэдийн зорчих хөдөлгөөнийг хааж байгаа тул бараа бүтээгдэхүүний экспорт, импорт хэвийн үргэлжлэх юм. БНХАУ-д зайлшгүй шаардлагаар зорчихоор галт тэрэг, онгоцны тасалбар захиалсан бол “МИАТ”, “Улаанбаатар төмөр зам” компани мөнгийг нь ямар нэгэн шимтгэлгүйгээр буцаан олгох аж.


Шинэ коронавирусний халдвараас сэргийлэх үүднээс Засгийн газрын өнгөрсөн сарын 31-ний шийдвэрээр энэ сарын 1-нээс Монгол Улсын хилээр БНХАУ-ын иргэдийг нэвтрүүлэхийг хориглосон. Мөн тус улсаар дамжин ирж байгаа бусад орны иргэдийг нэвтрүүлэхгүй байгаа юм. Улмаар энэ сарын 1-6-нд БНХАУ-д оршин сууж байсан 6000 иргэнээ авсан юм. Хилээр зорчих хөдөлгөөнийг бүрэн зогсоосноос хойш БНХАУ-д байгаа монгол иргэдийг тусгай нислэгээр авчрах шаардлага гарч болзошгүй хэмээн Засгийн газар үзэж буй юм. Энэ тохиолдолд зардлыг тухайн иргэн өөрөө хариуцах бөгөөд ирсэн даруйд нь тусгаарлах аж.

Холбоотой мэдээ