ЭМЯ: Манай улс халдвар тархах эрсдэлтэй орны тоонд багтсан хэвээр байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-02-12 14:09:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад шинэ коронавирусний халдвар авсан тохиолдол бүртгэгдээгүй ч халдвар тархах эрсдэл өндөртэй хэвээр байгааг ЭМЯ-наас ээлжит мэдээллийн үеэр онцоллоо.

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл“Баян-Өлгийд тусгаарлагдсан иргэн БНХАУ руу зорчоод ирсэн байсан. ЭМЯ-наас онцгой бүсэд аялахгүй байх анхааруулгыг хангалттай өгч байхад нэгдүгээр сарын 23-наас хойш Монгол Улсын нийт 55 иргэн халдвар дэгдсэн болон бүртгэгдсэн улсуудад зорчоод иржээ. Өнөөдөр гэхэд Замын-Үүд боомтод сэжигтэй тохиолдол илэрсэн нэг хүнээс болоод 109 хүнийг тусгаарлалаа. Энэ нь эмнэлэг, цагдаагийн байгууллагад хүндрэл учруулж байна. Гашуунсухайт боомтоос 120-170 км зайтай хотуудад шинэ коронавирусний халдвар илэрсэн. Тиймээс халдвар гарсан бүс рүү зорчихгүй байхыг дахин дахин сануулж байна” гэдгийг тодотгов.

Шинэ коронавирус нь модон эдлэл дээр 9 хоног амьдрах чадвартай. Мөн хүний биеэс ялгарч байгаа бүхий л төрлийн зүйлд буюу өтгөн, шээс, нулимс, хөлс, нус, шүлс зэргээр дамжин халдварлах  эрсдэлтэй аж.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, “Хөвсгөл аймагт энэ сарын 10-нд тусгаарласан нэг иргэнээс шинэ коронавирусний халдвар илрээгүй. Мөн Гашуунсухайт боомтод тусгаарласан 12 хүнээс авсан шинжилгээгээр шинэ коронавирусний халдвар илрээгүй. Гэхдээ тэднийг 14 хоног тусгаарлаж байна. Өчигдөр буюу энэ сарын 11-нд ХӨСҮТ-д 1, Сүхбаатар дүүрэгт 1, Баян-Өлгий аймагт 1, Сүхбаатар аймагт 2, Замын-Үүдэд 2 нийт сэжигтэй 7 тохиолдол илэрч, шинжилгээнд хамруулсан. Хариу гараагүй байна. Мөн Ухань хотоос ирсэн 31 хүний биеийн байдал сайн байгаа. Ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй. Тэднийг тусгаарлах хугацаа дуусах дөхөж байна. Олон улсад ашиглаж буй сүүлийн үеийн оношлуураар оношилж байгаа. Гэтэл үүнийг буруу оношилж байна хэмээн худал мэдээлэл тарааж буй иргэнд хариуцлага тооцох ёстой” хэмээв.


Холбоотой мэдээ