ЭМЯ-ны тархвар зүйн зөвлөх багийн гишүүн Д.Отгонбаатар Дундговьд ажиллалаа

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2020-02-10 20:41:40
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн яамны тархвар зүйн зөвлөх багийн гишүүн, анагаах ухааны доктор, профессор Д.Отгонбаатар энэ сарын 09-10-нд Дундговь аймагт ажиллалаа.

Тэрээр шинэ коронавирусний халдвар дэлхий даяар тархаад байгаа цаг үеийн байдалтай холбогдуулан аймгийн удирдлагуудтай уулзаж, ЭМГ-ын ажилтнууд, эмч, мэргэжилтнүүдэд “Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал, шинэ болон сэргэж буй халдварууд” сэдэвт сургалтыг хийжээ.  

Сургалтад Нэгдсэн эмнэлэг, Уламжлалт анагаах ухааны төв, Сайнцагаан сум, Боржигон мандал, Өлзийт мандал өрхийн эрүүл мэндийн төвүүд болон “Мөнхдэлгэр”, “Элбэрэлбуян” эмнэлгийн 45 эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдлаа.

Мөн Онцгой байдлын газрын “Шуурхай удирдлагын байр”-наас хөдөөгийн 14 сумын эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдтэй цахимаар холбогдож, дээрх сургалтыг хийсэн байна.

Профессор Д.Отгонбаатар аймгийн удирдлагуудтай хийсэн уулзалтын үеэр “дэлхий даяар олон янзын вирусний халдвар онцгой аюул учруулж байна. Нэгэнт үүсчихсэн вирусний халдварын аюулыг бууруулахын тулд дамжих тархалтыг л зогсоох хэрэгтэй. Түүний тулд өөрсдийгөө, гэр бүлээ хамгаал” гэсэн юм.

Холбоотой мэдээ