Сидней хотод хүчтэй аадар бороо оржээ

Дэлхийд | Байгаль орчин
khulan@montsame.gov.mn
2020-02-10 12:54:08

КАНБЕРРА. /ABC/. Австралийн Сидней хотод хүчтэй аадар бороо орж, сүүлийн 30 жилийн турш бүртгэгдээгүй хэмжээний хур тунадас унасны улмаас үерийн гамшиг нүүрлэж, нийтийн тээврийн үйлчилгээ тасалдаж, олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлэхэд хүрчээ.


Австралийн Цаг уурын агентлагийн мэдээлснээр, сүүлийн 4 хоногийн хугацаанд 391.6 миллиметр хур тунадас унажээ. Мөн үерийн гамшгийн улмаас хүний амь нас эрсдэж болзошгүй нөхцөл байдал үүссэнийг мэргэжилтнүүд анхааруулсан байна. Аврах албаныхан даваа гарагт гэрээсээ гарахгүй байхыг Сидней хотын оршин суугчдад зөвлөжээ. Байгалийн гамшигт үзэгдлийн улмаас мөн олон арван мянган өрхийн цахилгаан хангамж тасалджээ.


Мөн хүчтэй аадар бороо Шинэ Өмнөд Уэльс мужид дэгдсэн олон ойн түймрийг унтраажээ. Ойн түймэрт нэрвэгдсэн бүс нутгуудад үерийн гамшиг ихээхэн хохирол учруулж болзошгүй байгаа тул анхаарал болгоомжтой байхыг Цаг уурын газрын мэргэжилтнүүд оршин суугчдад сэрэмжлүүлсэн байна. 

Холбоотой мэдээ