Коронавирусний халдвар тархсан газраас Эрээнд ирэх иргэдийг 14 хоног тусгаарлана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2020-02-09 20:21:11

Дорноговь /МОНЦАМЭ/. Өмнөд хөршид дэгдээд байгаа шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажил хилийн бүс нутагт ямар байгаа талаар Замын-Үүдийн Онцгой комиссоос тодруулав.

Учир нь коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажилтай холбогдуулан хил залгаа БНХАУ-ын Эрээн хотод нэгдүгээр зэргийн хөл хорио тогтоогоод байгаа аж.

Эрээн хотод өнгөрсөн нэгдүгээр сарын 25-нд илэрсэн коронавирусний халдварын тохиолдлыг тусгаарлан эмчилгээ хийснээр бүрэн эдгэрсэн бөгөөд одоогоор тус хотод коронавирусний халдварын тохиолдол дахин илрээгүй.

Тухайн үед Эрээнд хөл хорио тогтоосон нь одоо ч үргэлжилж буй бөгөөд Эрээний тал урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг нарийвчилсан байдлаар явуулж нэгдүгээр зэргийн хөл хориог зарласан.

Учир нь Хятадын цагаан сарын баяр дуусч Эрээн хотод оршин суудаг, наймаа арилжаа хийдэг иргэд буцах цаг нь дөхөж байна. Мөн коронавирусний дэгдэлтийн үе ирж байгаа тул вирус тархсан Хятадын бусад нутгаас Эрээнд ирэх иргэдэд хяналт тавих шаардлага байгаа гэсэн үг.

Тиймээс Эрээнд нэвтрэхээс өмнө тухайн иргэдийг 14 хоног тусгаарлаж аюулгүй гэж үзсэний дараа нэвтрүүлэх арга хэмжээ авч буй. Нэгдүгээр зэргийн хөл хорио гэдэг нь манайхны хэлдгээр олон нийтийг хамарсан үйл ажиллагаа, үзвэр үйлчилгээ явуулахгүй байх, иргэд өөрсдийн эрүүл мэндийг сахих, шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газар явахгүй байх, гэртээ оршин суух зэрэг тодорхой зүйлийг хэлж байгаа” хэмээн Замын-Үүдийн Онцгой комиссоос мэдээлэв.

Эрээнд гарсан өвчлөлтэй холбогдуулан Замын-Үүдийн Онцгой комисс энэ хугацаанд 11 удаа хуралджээ. Онцгой комиссоос шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр хоёр үндсэн үйл ажиллагаа явуулж байгаа талаар сумын Засаг даргын орлогч, сумын Онцгой комиссын дарга О.Үүрцайх ярьсан.

Нэгдүгээрт сумын иргэдийг энэ төрлийн вирусний халдвараас урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээлэл олгох, танилцуулга, сэрэмжлүүлэг өгөх, амны хаалт зүүж хэвших, олон нийтийн байгууллагуудад ариутгал халдваргүйжүүлэх ажлыг сайтар зохион байгуулах ажлыг хийж байна.

Хоёрдугаарт хилийн боомтын нутаг дэвсгэрт “Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлаас урьдчилан сэргийлэх” арга хэмжээг хэрэгжүүлж байна гэв.

Нэгдүгээр сарын 22-ноос хоёрдугаар  сарын 04-ний хооронд авто замаар 6131 зорчигч, төмөр замаар 1787 зорчигчийг тодорхой дүрэм журмын дагуу хяналт тавьж нэвтрүүлсэн бол 463 ачааны машин, зорчигч тээврийн 859 автомашинд ариутгал халдваргүйтгэл хийсэн аж.

Харин Монголоос зорчиж буй зорчигчдын хувьд ихэвчлэн аль нэг байгууллага, компанид харьяалалтай хүнд даацын тээврийн тэрэгний жолооч нар болон тус улс руу албан ажлын зайлшгүй шаардлагаар зорчих иргэн Улсын онцгой комиссын даргын зөвшөөрлөөр улсын хил нэвтэрч байгаа аж. 

Сумын Онцгой байдлын гишүүн байгууллагууд үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор сум дахь аж ахуй нэгжүүдээс хяналт шалгалтын болон сэжигтэй тохиолдлын үед хэрэглэхээр 12.6 сая төгрөгийн бараа, 5.7 сая төгрөгийн ариутгал, халдваргүйтгэлийн бодис болоод хамгаалах хэрэгслийн хувцас авч хэрэглэснээр нийт 15 нэр төрлийн 22.4 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүний өр үүссэн байна.

Тиймээс энэ асуудлыг шийдвэрлүүлэх саналыг хоёрдугаар сарын 06-нд Замын-Үүд суманд ажилласан улсын Онцгой комиссын Шуурхай бүлгийн Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд тавьжээ.

Мөн эмнэлгийн тусгай хог хаягдлыг аюулгүй устгахад шаардагдах автоклав, бусад хэрэгсэл төхөөрөмжөөр сумын эмнэлгийг хангах, хилийн бүсэд тусгаарлах эмнэлэг байрыг байгуулах замаар сумын нутаг дэвсгэрт өвчний сэжигтэй тохиолдол, хавьтагчийг нэвтрүүлэхгүй байх боломжийг бүрдүүлэх, халдвартын тусгаарлах эмнэлгийн эрчимт эмчилгээнд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, Нэгдсэн эмнэлгийн эмч ажилтны орон тоог нэмэгдүүлэх шаардлага байгааг онцолсон юм.

Сумын Онцгой комиссоос Монгол Улсад БНХАУ-аас зорин ирж буй иргэдэд тавих хяналт шалгалт өндөржүүлсэнтэй холбоотойгоор тухайн нутаг дэвсгэрт уг өвчний сэжигтэй тохиолдол илэрсэн даруйд нэмэлтээр үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдын илүү цагаар ажилласан хугацааны нэмэгдэл хөлсийг байгууллага тус бүрийн төсөвт нэмэгдүүлэх саналыг гаргаад байгаа аж.

Холбоотой мэдээ