Д.Цэрэндулам: Үнэт эдлэл ялангуяа хөөрөг худалдан авахдаа эрдэнийн чулууны гэрчилгээг шалгаарай

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2020-02-10 18:06:47

Завхан /МОНЦАМЭ/. Монгол Улсын хэмжээнд хөл хорио тогтоосон хэдий ч удахгүй болох гэж буй цагаан сарын баярт бэлдэж хүн бүр ямар хөөрөг авах уу гэж худалдааны газруудаар явж эхлээд буй. Энэ үед иргэд хуурамч чулуун хөөрөг худалдан авах эрсдэлд ордог. Тиймээс үнэт эдлэлийн сорьц хэрхэн баталгаажуулдаг талаарх мэдээллийг авахаар Завхан аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн Стандарт хариуцсан мэргэжилтэн Д.Цэрэндуламтай уулзаж ярилцлаа.


-Сайн байна уу. Танд өдрийн мэнд хүргэе. Монголчууд эртнээс нааш үнэт металл хэрэглэж эхэлсэн түүхтэй. Ялангуяа уламжлалт томоохон баяр наадмаар илүү хэрэглэдэг байх. Үнэт эдлэлийн сорьц гэж юу юм бол?

-Үнэт металлын сорьцын тухай ойлголт 15 дугаар зууны үеэс Европын орнуудад хөгжиж эхэлсэн түүхтэй юм билээ. Физик, химийн онцлог шинж чанараараа ойролцоо алт, мөнгө, платина, платины бүлгийн палладий, иридий, родий, рутений, осмий гэсэн найман металлыг үнэт металлын бүлэгт хамруулдаг.

Эдгээр үнэт металл нь дэлхийн чулуулаг бүрхүүлд сарнимал байдлаар тархсан учраас нөөц багатай, хими, физикийн онцгой шинж чанартай, гоёл чимэглэлийн болон орчин үеийн багаж төхөөрөмжийн үйлдвэрлэлд эрэлт хэрэгцээ ихтэй байгаагаас шалтгаалан үнэ өндөртэй байдаг. Тухайлбал, алт бол хүн төрөлхтний түүхэнд нээсэн хамгийн анхны металл бөгөөд одоо хүртэл үнэ цэнээ хадгалаад байгаагийн нууц нь химийн шинж чанараар идэвх муутай, ямар ч орчин нөхцөлд өнгө нь хувирч өөрчлөгддөггүй, урвалд орж уусаж алга болдоггүй мөртөө физик шинж чанарын хувьд цахилгаан, дулааныг маш сайн дамжуулдаг. Тиймээс өнөөдөр гоёл чимэглэлээс илүүтэй электроникийн салбарт микросхемийн платуудыг зөвхөн алт болон бусад үнэт металлаар хучиж ашиглаж байгаа юм. Нэгэнт үнэ өндөртэй, хүссэн болгон худалдаж авч чадахгүй учраас тэдгээрийн үнийг бууруулах зорилгоор орцыг нь багасгаж, өөр төрлийн металл нэмж хайлш болгон үйлдвэрлэлд ашиглах, нөгөө талаас хүртээмжгүй байгаа болохоор түүнийг арвижуулах шаардлага гарсан нь үндсэндээ сорьцын тухай ойлголт гарах нөхцөл болсон түүхтэй юм билээ.

-Үнэт металлын сорьц тогтоох шинжилгээ хийх, сорьцын баталгааны тэмдэг дарах гэдэг ойлголтыг өгөхгүй юу?

-Манай улсад Сорьцын хяналтын газар нь үнэт металл, эрдэнийн чулууны үйлдвэрлэл, үйлчилгээг зохицуулсан эрх зүйн акт, сорьцын хяналтын тогтолцоог боловсронгуй болгох ажлыг зохион байгуулах, хэрэгжүүлэх, үнэт металл, тэдгээрээр хийсэн эдлэлд химийн шинжилгээ хийж металлын сорьцыг тогтоон улсын сорьцын баталгааны тэмдэг дарах. Эрдэнийн чулууг таньж гэрчилгээ олгох, сорьцын баталгааны тэмдгийн хяналт шалгалтыг хийж сорьцтой холбоотой маргааныг таслан шийдвэрлэх, шинжилгээ хийж хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, үнэт металлыг хайлж гулдмайлах, сорьцын лабораторийн чадавхыг дээшлүүлэх чиг үүрэгтэй ажиллаж байгаа.

Сорьцын хяналтын газраас үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь үнэт металлын үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллага, иргэд байна. Өнөөдөр Сорьцын хяналтын газар нь Монгол Улсын Ашигт малтмалын тухай, Эрдэнэсийн сангийн тухай, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай болон бусад холбогдох хуулиудыг үндэслэн гаргасан Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 281 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол Улсын сорьцын хяналтын дүрэм”,  шинэчлэгдэж байгаа  “Үнэт металлын сорьц тогтоох, баталгаажуулах, эрдэнийн чулуу тодорхойлох, тэдгээрийг бүртгэх журам” –аар үйл ажиллагаагаа зохицуулан ажиллаж байна. Сорьцын хяналтын газар нь 1963 оноос Сангийн яамны харьяа Сорьцын Улсын хяналтын алба нэртэй улсын үйлдвэрийн газрын статустай ажиллаж байгаад 2009 оноос Стандартчилал, хэмжил зүйн газрын харьяанд орон ажиллаж байна.

Сорьцын хяналтын газрын лабораторид үнэт металлын гулдмай, эдлэл гээд ямар ч төрлийн хайлшинд химийн шинжилгээ хийж түүний найрлагад байгаа үнэт металлын агуулгыг тогтоож өгдөг. Үүнийг л сорьц тогтоох шинжилгээ гээд байгаа юм. Үнэт металлын сорьц тогтоох шинжилгээг голдуу олборлосон үнэт металл, үйлдвэрлэсэн үнэт эдлэл гэсэн хоёр зүйлд хийж байгаа. Тухайн эдлэлийн сорьц нь стандартын хэмжээндээ тохирч байвал уг эдлэл дээр баталгааны тэмдэг дарж өгдөг юм.


-Тэгвэл сорьцын баталгааны тэмдгийг хаана ч, хэн ч дарчихдаг зүйл биш юм байна. Тийм үү?

-Сорьцын баталгааны тэмдгийн талаар манайхан одоо хүртэл буруу ойлголттой яваад байгаа юм. Сорьцын баталгааны тэмдэгтэй гэдэг үгийг хэдийд хэлээд байгаа нь сонирхолтой. Жишээлбэл өнөөдөр аль ч дэлгүүр, лангуунд худалдан борлуулж байгаа импортын алтан эдлэл дээр 585, мөнгөн эдлэл дээр 925 гэсэн цифр бичээстэй байж болох юм. Манай арилжаа наймаа эрхлэгчид тэр цифрийг сорьцын баталгааны тэмдэг гэж ойлгоод, бид баталгаатай үнэт эдлэл худалдан борлуулдаг гэж яриад байгаа юм.

Тэгэхээр сорьцын баталгааны тэмдгийг хүссэн болгон нь дараад байдаггүй. Одоогоор үнэт металлаар гоёл чимэглэлийн үйлдвэрлэл эрхэлдэг Европын 16 орон тусгай конвенцид нэгдэж сорьцын баталгааны нэг тэмдэг хэрэглэхээр болсон. Ази, Америк, Европын өөр 13 орон нэгдэж Олон улсын сорьцын хяналтын холбоо байгуулан дээрх конвенцид нэгдэж орсон орнуудын үйл ажиллагааг хүлээн зөвшөөрч үнэт эдлэл дээр тавигдах сорьцын баталгааны тэмдгийг нь зөвшөөрөөд байна. Судалгаанаас харахад 40 гаруй улс орон өөрийн гэсэн сорьцын баталгааны тусгай тэмдэгтэй бөгөөд эдгээрээс 11 орон нь гаднаас буюу импортоор орж ирсэн үнэт эдлэлийг шалгаж өөрийн орны зохих стандартад тохирч байх юм бол өөрийнхөө орны сорьцын баталгааны тэмдгийг давхар дарж баталгаажуулдаг юм байна. Ер нь олон улсын хэмжээнд экспортолж байгаа үнэт эдлэл дээр сорьцын баталгаатай холбоотой 3-4 тэмдэглэгээ байдаг бөгөөд тэдгээрийг үнэт эдлэл тус бүр дээр дардаг. Энэ нь эхлээд үйлдвэрлэгчийн болон ивээн тэтгэгчийн барааны тэмдэг, сорьцын стандарт цифр буюу цэврийн тэмдэг, тухайн улс орны сорьцын хяналтын байгууллагын /лабораторийн/ баталгааны тэмдэг, олон улсын сорьцын баталгааны тэмдгүүд байдаг.

Нэлээд орнууд стандартын цифр буюу цэврийн тэмдэг, сорьцын баталгааны тэмдэг хоёроо нэгтгээд сорьцын баталгааны нэг тэмдэг болгосон байдаг. Тухайлбал, Монгол, Сингапур, ОХУ гэх мэт орнууд байна.


-Сорьцын стандартын цифр буюу цэврийн тэмдэг гэж чухам юуг хэлээд байна?

-Өнөөдөр манай үнэт эдлэл худалдан борлуулж байгаа ченжүүд буюу наймаачдын Турк, Солонгос зэрэг орноос оруулж ирээд байгаа үнэт эдлэл дээрх 585, эсвэл 925 гэж цохисон цифрийг л хэлээд байгаа юм. Энэ нь тухайн үйлдвэрлэгч өөрийнхөө үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд барааны тэмдгээ дарсны дараа би үүнийг 585 сорьцтой алтаар хийсэн гэдгээ батлах тэмдэглэгээ юм. Тухайн эдлэл нь 585 гэсэн сорьцдоо хүрэх эсэх нь тэр үйлдвэрлэгчийн эрхийн асуудал болдог.

-Тэгэхээр сорьцдоо хүрэхгүй ч байж мэдэх нь ээ?

-Үнэн. Жишээ нь Монголд орж ирж байгаа үнэт эдлэлийг шалгасан шинжилгээний дүнгээс үзэхэд Сингапур улсаас оруулж ирсэн 916 сорьцтой алтан эдлэлийн сорьц тохирч байхад Солонгос, Энэтхэг, Турк, Араб, Хятад, Орос, АНУ, Тайланд, Польш, Вьетнам зэрэг орноос оруулж ирсэн гэх зарим эдлэлүүд дээр тавигдсан сорьц нь тохирохгүй, ихэвчлэн нэлээд доогуур гардаг явдал бий.

-Манай Завхан аймагт хэчнээн аж ахуйн нэгж сорьцын баталгаатай бүтээгдэхүүн оруулж ирж байна вэ? Хяналт шалгалт бий юу? Танайхаас сорьцын баталгаа өгдөг үү?

-Манай аймагт хоёр аж ахуйн нэгж  үнэт эдлэл худалдаалж байгаа боловч үнэт эдлэл нь чанарын шаардлага хангахгүй байна. Алтны сорьц тогтоох, худалдан авах орон нутаг дахь анхны нэг цэгийн үйлчилгээний төв өнөөдөр Дархан-Уул,  Баянхонгор аймагт ажилладаг. Тэгэхээр өнөөдрийн байдлаар манай аймагт сорьцын тэмдэг дарагддаггүй гэсэн үг юм. Харин сорьцын хяналтын улсын байцаагч сорьцын баталгаагүй зарагдаж буй үнэт эдлэлүүдийг сорьцын баталгаанд  хамруулах, сорьцын баталгаатай бүтээгдэхүүн худалдан борлуулахыг зөвлөж шаардлага зөвлөмж өгч ажилладаг.

-Дэлгүүр, лангуунд зарагдаж байгаа үнэт эдлэлүүдийг танай хэлтсийн улсын байцаагч нар шалгаж шинжилдэггүй гэсэн үг үү?

-Уг нь бид шалгах биш, тухайн үнэт эдлэлийг худалдан борлуулахаар оруулж ирж байгаа худалдаачин /ченж/ өөрөө манай төвийн лабораториор шалгуулж шинжлүүлээд сорьц нь тохирч байвал худалдан борлуулах ёстой. Гэтэл ченжүүд маань гаднаас оруулж ирэхдээ гаалийн ямар ч бүрдүүлэлт хийлгэдэггүй, шууд л дэлгүүр, лангууны худалдагч нарт бөөнддөг. Өнөөдөр үнэт эдлэлээ өөрийн биеэр авч ирээд шалгуулдаг баталгаажуулдаг ченж цөөхөн байгаа учраас хэрэглэгчдийнхээ эрх ашгийг хамгаалах үүднээс бид өөрсдөө явж шалгаад баталгаажуулалтад хамруулж байгаа.

Шалгалтаар өөр дээр нь цохисон стандартын цифртээ сорьц нь хүрэхгүй эдлэл зөндөө гардаг. Түүнийг бид худалдан борлуулахгүй байх үүрэг өгч шийдвэрлүүлдэг. Гэхдээ орж ирж байгаа үнэт эдлэлүүд нь тухайн орныхоо сорьцын баталгааны болон үйлдвэрлэгчийн барааны тэмдэггүй байгаа нь манай ченжүүд баталгаатай үйлдвэрээс нь биш, захын ченжүүдээс нь хямд авч ирдэгтэй холбоотой байж болох юм.

 

-Тэгвэл сорьцын тэмдгийг хэрхэн ялгах вэ?

-Үнэт металлаар үйлдвэрлэсэн эдлэлийн сорьц нь ISO 9202:1991 стандарттай тохирч байгаа эсэх Монгол Улсад алтан эдлэлийн сорьцын баталгааны тэмдгийн гаднах хүрээ нь зууван дугуй, мөнгөн эдлэлийнх 6 талтай призм, платина эдлэлийнх ромбо хэлбэртэй. алтан эдлэлийг 999, 960, 916, 750, 585, 375, 333 сорьцоор. Харин мөнгөн эдлэлийг 999, 925, 875, 830, 800 гэх мэтээр өөр өөр сорьцын баталгааны тэмдэгтэй байна.  Улс бүрийн сорьцын баталгааны тэмдгийн үндсэн загвар уламжлалт ёсоо хадгалж, билэгдсэн шинжтэй дүрс зураг байдаг. Тухайлбал: Монголын сорьцын баталгааны тэмдэг нь хатан сүйх дүрстэй байдаг.

-Үнэт эдлэлд үйлдвэрлэгчийн болон сорьцын баталгааны тэмдэг дарагдсанаар үйлдвэрлэгч болон хэрэглэгчдийн ямар мэдээллийг авах боломжтой вэ?

-Тухайн бүтээгдэхүүний сорьцын цэврийн цифр нь үнэт  металлын агуулгын хэмжээг  илэрхийлдэг. Жишээлбэл алтан эдлэл дээр 585 гэж байвал алтны агуулагдах хэмжээ гэж ойлгож болно. Мөн үйлдвэрлэгчийн болон ивээн тэтгэгчийн барааны тэмдгээс тухайн бүтээгдэхүүнийг аль улсын ямар үйлдвэрт  хийсэн тухай мэдээллийг авах ба барааны тэмдэг нь олон улсад  бүртгэлтэй байдаг тул  түүх, соёлын дурсгалт зүйл болохыг гэрчлэх юм. Жишээ нь Өндөр гэгээн Занабазарын хийсэн түүх соёлын хосгүй дурсгалд багтах цутгуурын бурхдыг түүний тэмдгээр таньж болно. Манай дархчууд өөрийн ур дүй оюун санаагаа чилээн байж урласан үнэт эдлэлээ сорьцод хамруулж, өөрийн тэмдэгтэй болох нь олон үедээ өөрийн бүтээлээ өвлүүлэх уламжлуулах ач холбогдолтой юм.   

-Сорьцын хяналтын баталгааны тэмдэг нь дээрх хоёр тэмдгийг давхар баталгаажуулж байгаагаараа онцлогтой гэж ойлгож болох уу?  

-Сорьцын баталгааны тэмдэг нь хугацаагүй буюу зөвхөн эдлэлийн хэлбэр загварыг өөрчилсөн үед л түүний хугацаа дуусгавар болдог. Сорьцын баталгааны тэмдэг дарагдсанаар тухайн үнэт эдлэл нь хожим түүх соёлын дурсгалт зүйл болсон тохиолдолд хэн хэдийд хийсэн нь тодорхой байхаас гадна хэзээ ч худалдан борлуулахад үнэ цэнээ алдахгүй. Үнэт эдлэл худалдан авч байгаа иргэн сорьцын баталгааны тэмдгийг сайтар шалгаж авахгүй бол хуурамчаар дуурайлган хийсэн тэмдэгтэй, эсвэл үнэт металлаар хийгээгүй байх зэрэг зөрчлүүд нэлээд гардаг. Хэрэглээний шаардлага хангахгүй үнэт эдлэлд сорьцын баталгаажуулалт хийдэггүй юм.

Бүр тодруулж хэлбэл аль ч улс оронд үнэт эдлэлийг хүмүүс маш өндөр үнээр урлан бүтээдэг, түүнээс ч өндөр үнээр худалдан авдаг учраас хойч үедээ уламжлан өвлүүлж, үе дамжин хэрэглэж хадгалж явдаг хэдий ч үнэ цэнээ алддаггүй, тухайн цаг  үеийнхээ үнийн ханшинд хэлбэлзэж, он цаг улирах тусам үнэ цэн нь нэмэгдэж  байдаг онцлогтой.

-Монгол түмний уламжлалт сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан хэрэглэгчдэд та ямар зөвлөгөөг өгөх вэ?  

-Хамгийн гол анхаарах зүйл бол сорьцын баталгааны тэмдэг юм. Сорьцын баталгааны тэмдэг дарагдаагүй л байх юм бол тэр мөнгөн аяга, үнэт эдлэл сорьцын хувьд ч, жингийн хувьд ч баталгаагүй гэж ойлгох хэрэгтэй. Тиймээс манай иргэд сорьцын тэмдэггүй алт мөнгөн эдлэл, эрдэнийн  чулууны  гэрчилгээгүй  хөөрөг зэрэг үнэт эдлэлийг худалдаж авахгүй байхыг зөвлөж байна. Тухайлбал уламжлалт цагаан сарын баяраар иргэд хөөрөг худалдан авах нь элбэг байна. Хөөрөг нь XVII, XVIII зууны үеэс монголчуудад дэлгэрсэн, бидний мэндлэх хүндлэх харилцааны соёлд орж ирсэн нэг төрлийн урлаг юм. Хөөргийг дан ганц монголчууд биш, Ази, Европ, Америкийн ард түмэн хүртэл урлагийн цуглуулга маягаар хэрэглэдэг. Монголчууд бид харилцаандаа хэрэглэдэг гол онцлогтой. Өөрөөр хэлбэл хоорондоо харилцах, мэндлэх, танилцах, бие биеэ хүндлэх зорилгоор гаднаас авч хэдэн зуун жил хэрэглэсэн бидний соёл л доо. Тиймээс сорьцын баталгаа, үнэт чулууны баталгааг нь шалгаарай гэж зөвлөе.

-Танд баярлалаа. 

Холбоотой мэдээ