Албаны эрэлч нохой 25 гэмт хэргийг илрүүлжээ

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2020-02-10 10:55:39

Завхан /МОНЦАМЭ/. Завханы Цагдаагийн газрын албаны эрэлч нохой Альфа нь нийт 25 удаагийн гэмт хэргийг газар дээр нь очиж илрүүлжээ.

Түүнийг 2019 онд Цагдаагийн Ерөнхий газрын албаны эрэлч нохойн сургалтын төвөөс авчээ. Альфа нь мөрдөх, самнан хайлт, хөөн барих  зэрэг мэргэжлийн ур чадварыг гойд эзэмшсэн ажээ. Эрэлч нохойтой болсноор цагдаагийн алба хаагчид гэмт хэргийн газарт түргэн шуурхай очиж, хэргийг халуун мөрөөр нь мөрдөн илрүүлэх ажиллагаанд хугацаа бага зарцуулдаг болжээ. Тухайлбал хэргийн газраас гэмт хэрэгтний өөрийн үнэрийг зориулалтын саванд шингээн авч, үнэрийн шинжилгээний лабораторидоо таниулдаг юм байна. Завханы Цагдаагийн газар нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалахад тусгайлан сургасан албаны нохойг 1998 оноос эхлэн ашиглаж байна. Албаны эрэлч нохой нь гэмт хэрэг илрүүлэхэд онцгой ач холбогдолтой, тусгайлан сургагдсан ноход байдаг аж.

Албаны нохдын үүрэг жилээс жилд ихэсч байна

Сонирхуулахад, Альфагийн өмнө үүрэг гүйцэтгэж байсан Ирвэс нь аймгийн Цагдаагийн газар 2014 онд албаны эрэлч нохойн сургалтын төвөөс ирсэн бөгөөд 2019 он хүртэл 450 гаруй дуудлагад ажиллажээ. Ирвэс нь герман үүлдрийн немц овчарка бөгөөд мөрдөх, сонгон ололт, самнан хайлт, хөөн барих мэргэжлийн ур чадвараар хангагдсан байжээ. Албаны нохойн үүрэг жилээс жилд ихэсч, тэсэрч дэлбэрэх бодис, бөмбөг, мансууруулах бодис, нуранги дороос хүн хайж олох мөн лабораторийн нөхцөлд хадгалсан гэмт этгээдийн үнэрээр хэрэгтнийг илрүүлэх зэрэгт өргөн ашигладаг болсон юм. Үнэрийн лаборатори ажиллуулснаар гэмт хэрэгтэн этгээд явсан газартаа дахин давтагдашгүй үнэрийн молекулаа үлдээж, түүнийг нь тусгайлан сургасан ноход лабораторийн харьцуулах аргаар олж чаддаг гэдгийг олон удаа баталсан хэмээн аймгийн Цагдаагийн газраас мэдээлэв.

Ташрамд, Монголын цагдаагийн байгууллага гэмт хэрэгтэй тэмцэх, хэв журам хамгаалах ажилд албаны сургуультай нохойг анх 1944 оноос ашиглаж, энэ чиглэлийн мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэж, өдгөө 74 жилийн нүүр үзээд байна.

Холбоотой мэдээ