Дональд Трампад итгэл үзүүлэх эсэх асуудал хоёрдугаар сарын 5-нд шийдэгдэнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампад итгэл үзүүлэх эсэхтэй /импичмент/ холбоотой хэргийн хүрээнд түүнийг хоёр үндэслэлээр буруутгах эсэх эцсийн санал хураалтыг тус улсын Конгрессын Сенатын танхим хоёрдугаар сарын 5-ны лхагва гарагт явуулахаар товложээ. Сенатын танхим дахь Бүгд найрамдах намын гишүүдийн бүлгийн дарга Митч Макконнеллийн боловсруулсан холбогдох тогтоолыг Америкийн хууль тогтоох байгууллагын дээд танхимын гишүүд баасан гарагт олонхын саналаар баталсан байна.
Уг тогтоолыг Бүгд найрамдах намын 53 гишүүн дэмжсэн бол Ардчилсан намаас сонгогдсон 47 сенатч эсэргүүцжээ.
Сенатын танхим дахь Ардчилсан намын бүлгийн дарга Чак Шумер уг баримт бичигт хэд хэдэн өөрчлөлт оруулахыг оролдсон байна. Тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудал хариуцсан туслах асан Жон Болтон, Цагаан ордны тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Мик Малвэни нарыг гэрчийн хувиар дуудахыг, мөн импичментийн журмын талаар баримт бичиг гаргаж өгөхийг Пентагон болон Төрийн департаментад үүрэг болгохыг санал болгожээ. Түүнчлэн Ардчилсан намаас сонгогдсон сенатч Крис Ван Холлен гэрч дуудах, Вашингтоны засаг захиргаанаас баримт бичиг хүсэх эрхийг шүүх үйл явцыг даргалж буй АНУ-ын Дээд шүүхийн дарга Жон Робертсод олгох асуудлыг санал хураалтад оруулсан байна. Харин энэ бүх саналыг бүгд найрамдахчууд олонхын саналаар эсэргүүцжээ.
Бүгд найрамдахчууд гэрч дуудах дургүй байгааг Ардчилсан намынхан шүүмжилжээ. “Тэд /бүгд найрамдахчууд/ Сенат болон улс орныг дампуурууллаа. Дональд Трамп бол заримдаа зөв зүйл хийхээс аргагүйд хүрдэг аймшигтай, өшөө авагч Ерөнхийлөгч гэдгийг тэд мэддэг” гэж Шумер хэлсэн байна.
Доналд Трампыг шүүх үйл явц цаашид хэрхэн үргэлжлэх вэ?
Батлагдсан тогтоолын дагуу үлдсэн өдрүүдэд ямар ч шинэ баримтуудыг хэрэгт хавсаргахгүй. Төлөөлөгчдийн танхимаас сонгогдсон яллагч тал болон Трампын өмгөөлөгчдийн багийн эцсийн мэтгэлцээнийг сонсохоор Сенатын гишүүд хоёрдугаар сарын 3-ны даваа гаргийн 11 цагт цуглана. Талууд тус бүрт үг хэлэх хоёр цаг өгнө. Үүний дараа Сенатын танхимын гишүүд төрийн тэргүүнд импичмент зарлахтай холбоотойгоор гаргах гэж буй шийдвэрийнхээ талаар тайлбар өгнө.
Трампад импичмент зарлах эсэх эцсийн санал хураалтыг хоёрдугаар сарын 5-ны лхагва гарагт явуулна. Санал хураалт орон нутгийн цагаар 16 цагт эхэлнэ.
Харин Трамп 20 жилийн өмнө Билл Клинтонтой адил импичментийн шүүх хурал хараахан дуусаагүй үед буюу хоёрдугаар сарын 4-нд Сенат болон Төлөөлөгчдийн танхимд "Улс орныхоо байдлын талаарх" жил тутмын илгээлтээ тавина.