Археологийн судалгаанд төр анхаарах цаг болсныг онцлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2015-09-23 12:12:03

Хубилай хааны мэндэлсний 800 жилийн ойн хүрээнд "Евроазийн музей дэх хувцасны цуглуулга” олон улсын чуулга уулзалт өчигдөр БСШУЯ-ны хурлын танхимд боллоо.

Тус чуулган нь Евроазийн бүс нутгийн музей, соёлын байгууллага, эрдэмтэн судлаачдын хамтын ажиллагаа, харилцаа холбоог өргөжүүлэх, оролцогч орнуудын хувцасны соёлын түүх, ард түмний зан заншлыг танилцуулах зорилготой.

Чуулганд Монгол, БНХАУ, Азербайджан, Казахстан, Киргизстан, Туркменистан, Турк, ОХУ-ын Алтай, Хакас, Саха-Якут, Тува, Татарстан болон Москва хотын томоохон музей, их сургуулиудаас зочид төлөөлөгчид оролцов. Илтгэгчид Евразийн музейн дэх хувцасны цуглуулга, олон үндэстний уламжлалт хувцас хийгээд иж бүрдэл, түүний судалгаа, хадгалалт хамгаалалт сэдвээр нийт 30 гаруй илтгэл хэлэлцүүлэв. Мөн Дундад зууны монгол хувцас тэр дундаа Юань улсын хувцасны археологийн малтлага судалгаа, эх сурвалж ба материалын сүүлийн үеийн судалгаа шинжилгээний үр дүнгээ танилцуулсан юм.

МУИС-ийн профессор У.Эрдэнэбат хэлэхдээ, “Еврази гэдэг нь дорно зүг Манжуураас эхлээд баруун зүг Украин хүртэл байгаль цаг уурын ойролцоо бүс нутаг юм. Тиймээс хүрэл зэвсгийн үеэс эхлээд  аж ахуйн нэг хэвшил бий болсон. Энэ бүс нутагт орон сууц эрхлэх, адуу малын тоног хэрэгсэл, зан заншил, хувцас хунар зэрэгт ижил төстэй зүйл их байдаг. Түүхэн тодорхой явцад ард түмний соёлын хөгжил, зан заншлаас хамаараад өвөрмөц дүр төрх бий болсон. Монголчууд болон тэдний өвөг дээдэс чулуун зэвсгийн үеэс нийт соёлт иргэншил хүртэл хувцас гэдэг зүйлийг бүтээн, соёлын өвийг бий болгосон.  Монголд явуулсан судалгаагаар хувцасны археологийн олдворууд их олдсон. Гэхдээ даавуу, шир, үс, торго арьс гэх мэт органик гаралтай учир газрын хөрсөнд он удаан жил хадгалахад туйлын эмзэг. Эдгээрийг судалж, он цагийг тогтоох, сэргээн засварлах, зүй зохистой орчинд хадгалж хамгаалах нь нарийн төвөгтэй. Бусад орнуудад манайхаас олдож байгаа шиг олдворын талаар мөрөөдөөд ч хэрэггүй. Гэтэл манайд дэлхийд хосгүй  олдворууд тоосонд дарагдаад эмгэнэлтэй байдалд байна. Тэгэхээр ганц судлаач шийдэж чадахгүй учир төр анхаарал тавих цаг болсон” гэв.

Энэхүү Олон улсын чуулга уулзалт нь Евразийн томоохон музейнуудын цаашдын хамтын ажиллагаа, хамтарсан судалгаанд томоохон алхам болно хэмээн зохион байгуулагчид үзэж байна.

Хурлыг БСШУЯ, Монголын Үндэсний музей, Тюрксой Олон улсын байгууллага, Дэлхийн Монгол Туургатны хувцасны холбоо,Монгол Костюмс төв хамтран зохион байгуулав.
 

Ж.Болор

 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд